Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:
- Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.
Тэгээд Батдорж аавдаа: “ За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биздээ” гэхэд аав нь:
- За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэсэнд эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.
Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.