Wednesday, June 29, 2011


Хөрс боловсруулалт, үрслэг шилжүүлэн суулгалт

Хүнсний ногоо ургуулах хөрсийг үндсэн, тарилтын өмнөх болон мөр хоорондын боловсруулалт гэж гурав хуваадаг. Ногоо тарихын тулд хөрсийг боловсруулахдаа заавал хагалах, сийрүүлэх, борнойдох шаардлагатай. Талбайг усалж, бордоо цацсаны дараа хүрзээр гишгэн хагалж, дараа нь гар тармуураар тармаж бөөн шороог бутлан талбайн гадаргууг тэгшилнэ. Мөн хог, чулууг нь түүхээ мартуузай. Ургуулах тарималдаа тохируулан хайрцаг, хамар, далан, ховил гарган засч болно. Ногоо бүрт тохируулан талбайг засах нь өндөр ургац авахын үндэс болохоос гадна талбайд усалгаа хийхэд амар, тохиромжтой байдаг. Хайрцаг гэдэг нь гонзгой хэлбэр гарган дөрвөн талыг нь 15-18 см өндөр шороогоор манаж зассан талбайг хэлнэ. Хайрцагны хэмжээг өөрсдөө тохируулан хийж болно. Тухайлбал, хайрцагны хэмжээ 6-10 кв/метр байж болно. Хайрцагласан талбайд тариа ба нарийн ногоо таривал тохиромжтой. Хамар гэдэг нь мөр хоорондоо 20-60 см зайтай 10-15 см өндөр шороогоор манах маягаар зассаныг хэлнэ. Ингээд Монгол Фермер Эмэгтэйчүүдийн холбооноос бэлтгэн хүргэж байгаа цуврал нэвтрүүлгийн Хөрс боловсруулах дугаарыг хүргэж байна.