Монгол гадны жуулчдын сонирхлыг татам орон гэдэг ч өнөөхөндөө бид жилд 500 мянган жуулчин авах зорилтот төлөвлөгөө гаргасан ч хүссэн үр дүндээ хүрч байгаа эсэх нь одоогоор лав албан ёсны тоогоор баталгаажаагүй байгаа. Тэр тусмаа Монголд ирж байгаа жуулчдын дийлэнх нь үндэсний их баяр наадмыг сонирхдог гэдэг. Наадмаар, ер нь л бусад үед ч гэсэн Монголд ирж байгаа жуулчдын сэтгэгдэл хийгээд, Монголыг сонирхож байгаа хүмүүст ямархан дүр зураг төсөөлөл бууж, ямар мэдээлэл хүрдэг бол? Ийм сониуч бодлын үүднээс Монголоо гадны жуулчны нүдээр “харах”-ыг оролдов. Үүнд наадмын үеэр болон өмнө нь Монголд ирсэн жуулчдын үг хөтчүүдийн ярианаас сэм хавчуулахын хичээсэн болно.