Монгол гадны жуулчдын сонирхлыг татам орон гэдэг ч өнөөхөндөө бид жилд 500 мянган жуулчин авах зорилтот төлөвлөгөө гаргасан ч хүссэн үр дүндээ хүрч байгаа эсэх нь одоогоор лав албан ёсны тоогоор баталгаажаагүй байгаа. Тэр тусмаа Монголд ирж байгаа жуулчдын дийлэнх нь үндэсний их баяр наадмыг сонирхдог гэдэг. Наадмаар, ер нь л бусад үед ч гэсэн Монголд ирж байгаа жуулчдын сэтгэгдэл хийгээд, Монголыг сонирхож байгаа хүмүүст ямархан дүр зураг төсөөлөл бууж, ямар мэдээлэл хүрдэг бол? Ийм сониуч бодлын үүднээс Монголоо гадны жуулчны нүдээр “харах”-ыг оролдов. Үүнд наадмын үеэр болон өмнө нь Монголд ирсэн жуулчдын үг хөтчүүдийн ярианаас сэм хавчуулахын хичээсэн болно.

Талын Монголын талаар анх сонссон зүйл бол мэдээж Чингис хаан. Харин сурталчилгааны хуудас болон аль нэг сувгаар олонтоо харснаар бол ногоон талд морьтой давхилдах залуус, монгол европ хувцас хольж өмссөн хүмүүс хонийг шууд л нүцгэн гараараа алаад чулуу үйн болгоод амаа олохгүй шахам идэж байгаа дүрс хамгийн түрүүнд сэтгэлд бууна. Анх харсан хүнд бол цаа бугын элгийг шууд түүхийгээр нь иддэг тувачууд, ангийн махаа арьс хөрстэй нь шахуу болгож иддэг африкчуудтай төстэй юм шиг зэрлэг бүдүүлэг сэтгэгдэл төрдөг. Харин Монголд очсон цөөнгүй хүмүүсийн амнаас маш олон өөр сонирхолтой зүйлс сонссон бөгөөд яагаад энэ талаар мэдээлэл хомс байдаг юм болоо гэж гайхдаг. Монгол бол өөдлөн дэвжиж хөгжиж байгаа орон. Хүн болгон нь шахуу гар утас хэрэглэдэг, орчин цагийн гоёмсог машин хөлхөлдсөн жижигхэн боловч сонирхолтой нийс­лэл хотод нь дэлхийн хамгийн л том брэндийн дэлгүүр хаалгаа нээсэн гээд л. Европ соёл бараг төрөлхийн гэмээр суурьшсан, мэд­лэг мэргэжлээрээ толгой цохих за­луу­сын эх орон гэдгийг гадаадад сурч байгаа олон гайхалтай монгол залуусын биеээ авч явах хэв маяг, чадвараас нь ч харж болдог. Харин хоцрогдсон бүдүүлэг Монгол, хөг­жиж буй сонирхолтой шинэ орон гэсэн хоёр ойлголт яагаад тэс өөр юм шиг мөртлөө нэг юм шиг зэрэгцмээр сэтгэгдэл төрүүлдгийг ойл­гоход хэцүү. Ийм ч учраас Мон­голын талаар сонирхож байгаа хү­мүүс өөрсдөө нүдээрээ очиж үзсэн нь дээр гэсэн зөвлөмжийг дагах нь зүйтэй.

Англиар өөгүй цэвэрхэн ярьж, ялдам­хан мишээл цацруулах үзэсгэ­лэнт үйлчлэгчтэй Монголын агаарын тээврийн онгоцноос нийслэл нь тун сонирхолтой харагдана. Эгнэсэн олон хашаа, яг гол хэсэгтээ хотын төв нь бололтой байшингууд цоролзон харагдана. Нэгэн жуулчин хашаа бол­­гонд шахуу байх бөв бөөрөнхий мон­гол гэрийг хараад айл болгон нь сансрын антеннтэй ямар баян улс вэ гэж андуурч байсан гэдэг юм билээ. Улаанбаатарчуудын дий­лэнх нь ердийн модон хашаанд гэ­рээ барих буюу янз бүрийн хэлбэр хийцээр барьсан жижиг, том бай­шинд амьдардаг. Онгоцноос буун­гуут тийм ч муугүй тохилог нисэх буудал, яг л бусад улсуудынх шиг гаа­­лийн ажилдтнууд, жижигхэн бо­­ловч чамгүй хөөрхөн dute free угтана. Хотоосоо тийм ч их холгүй байх онгоцны буудлаас төв рүү нь ороход жаахан асуудалтай. Хувийн машинаараа үйлчлэхийг урьж байгаа бололтой залуус тал талаас татаж чангаан, чамгүй их мөнгө нэхнэ. Хэдийгээр эндээс нийтийн тээврийн унаа явдаг гэх боловч хаана буудал нь байгааг олоход хэцүү. Хэрвээ бусад хотууд шиг тусгайлсан унаа буюу хөтөч тосох боломжгүй жуулчдад зориулсан зүгээр л хотын төв рүү дөхүүлэх боломжийн үнэтэй автобус байдаг сан бол уг нь тун дажгүй. Гэхдээ монголчууд их эелдэг найрсаг болохоор зочдоо угтаж компанийнхаа нэрийг барин зогсоо аль нэг хөтчөөс гуйхад унаандаа суулгаад хүргээд өгнө. Хувийн унаануудад бол най­дахад хэцүү, бараагаа зарах гэж ээрч зууралдаад салдаггүй хятад худал­даачидтай л адилхан дүр төрх­­тэй. Хотын төвд ирсэн байхад ховор­хон боловч боломжийн газрын зур­гийг бариад явахад Улаанбаатарт төө­рөхгүй. Өндөр үнэтэй тансаг зочид бууд­лаас эхлээд энгийн жижиг motel, түр хоноглох байрууд ч зөндөө. Мөн газрын зургын тусламжтайгаар музей болон бусад үзүүштэй газруу­дыг хялбархан олж болно. Хүмүүс нь хэдийгээр анх харахад ууртай, ширүүн, догшин мэт боловч юу ч асуусан ойлгохгүй байсан ч дорхноо инээмсэглэл тодруулан аль чадах бол­­го­ноороо туслахыг хичээдэг гай­халтай сайхан хүмүүс.

Монголд ихэнх жуулчид үндэсний баяр наадмыг нь үзэхээр ирдэг. Наадам нь их олон хоног үргэлжилдэг бөгөөд гол үзвэр нь төв хэмээх жижгэвтэр цэнгэлдэх хүрээлэнд болох ёслол, бөхийн барилдаан, басхүү хотоос тийм ч холгүй уужим сайхан талд болдог морины уралдаан. Байгалиасаа морины уралдааныг үзэхэд зориулсан мэт өндөрлөг довцогтой. Морины уралдааны хамгийн оргил хэсэг нь дөрвөн настай адууны уралдаан.

Хүүхэд насандаа цаасан дээр элсны ширхгүүдийг тавиад доороос нь соронз гүйлгэн сонирхдог байсан шиг хуйлран гүйлдэх хүмүүсийг харахад сонин. Дээр дурдсан дөрвөн настай буюу соёолон морьд барианд ирэхэд хүн болгон түрүүлсэн морьдод ойртохыг хичээн ийн гүйлдэж байгаа юм. Ийм олон хүн яагаад ингэж нэгэн тийш гүйлдэнэ гээч. Монголчуудын хамгийн хийморьтой иртэй хурд гэж билэгшээдэг соёолон морьдыг тосч гүйж байгаа нь энэ. Тэд эрэмгий хурдан адгуусны хөлд гишгүүлэхээсээ ч эс айн морьдыг даган бараг л өөрсдөө мориноос хурдан гүйлдэнэ. Саяхан хэдэн арван км-т давхиад ирсэн морьдын хөлөрсөн биед гар хүргэж гэмээнэ тэд ирэх жилдээ аз хийморьтой явна гэдэгтээ итгэдэг. Яг л эртний хүмүүс ямар нэгэн утааны анирыг үнэрлэх, эсвэл ангуучилсан амьтныхаа амьд элгийг идэж гэмээнэ хийморьтой явна гэж итгэдэг шиг ийн хошуурах нь нэг талын мухар сүсэг гэмээр. Гэхдээ улангассан буханд хөөгдөж гүйж, амиа алдах дэнчин тавьдаг испанийн баярын дэргэд хавьгүй тэнгэрлэг бөгөөд өвөрмөц. Арван хэдэн км-ийн тэртээгээс арав хүрэхгүй настай бяцхан хүүхдүүдийн “удирдсан” морьд түүртсэн шинжгүй хамраа тачигнуулан давхиж ирэх агшныг харахад сүрдмээр, бахархмаар. Хөөрөн хашгиран гүүглэх монголчуудыг дагаад гүймээр, хашгирмаар. Гэхдээ энэ их аюултай, хөөрсөн олон, ялангуяа морьтой давхилдах залуусын хөлд өртөх магадлалтай.

Хуйлрах хүмүүсийн давалгаа хамгаалалтын малгай, богино долгионы станцаар зэвсэглэсэн цагдаагийнхны хамгаалалтыг даван сэтлэв. Морьтой залуус бүр эгээ л уралдааны өөр нэг замаар давхиж байгаа мэт эгнээ эгнээгээрээ түрүүлсэн морьдыг даган хар хурдаараа давхина. Хаа сайгүй цагдаагийнхны цахилгаан бороохойны дуу чад чад хийнэ. Гэхдээ цахилгаан бороохойд өртсөн монголчууд ч эмзэглэж байгаа юм алга. Цагдаагийнхан эрх сүрийг үзүүлэн үе үе бороохойгоо тажигнуулан, зарим хэсэгтээ хүч нэмэх боловч хуйлрах дайрах адилхан монголчууддаа ч илүү хатуурхахгүй байгаа бололтой. Илт хөөрөлхөн бусдыгаа өдөөх эсвэл архины халуунд аархах онгиргон залуус руу цахилгаан бороохойгоо чиглүүлэх боловч тэднийгээ өвтгөхгүй гэмтээхгүйгээ мэдээд байгаа бололтой. Ямар ч гэсэн гадны хүнд үл ойлгогдох харин монголчуудын хувьд дотоод сэтгэлгээгээрээ зохицуулагдах “харилцаа” энд байна. Яг Энэтхэгт замын гэрлэн дохионд захирагдахгүй мөртлөө учраа олоод хөдөлгөөнөө зохицуулаад байдаг шиг.

Миний хувьд хамгийн гол зорилго хөөрөлд автсан хүмүүсийн урсгалаас аль болох хурдхан зугатах байлаа. Гэвч санасныг бодоход энэ их амархан зүйл байлаа. Хүчтэйхэн хоёр гурав харайхад л аймаар санагдсан тэр урсгалаас би мултарч чадав, бараг амьд гарч чадахгүй нь гэж айж байсан мөртлөө. Сонирхолтой нь энэ их урсгалаас гарангуут зөндөө олон монголчууд галзуу мэт түрхрэн байгаа тэр их хүнийг хажуухны товцгоос тайван харж зогсох юм. Тэд яг бид ойд зугаалан суугаа мэт хүүхэд нялхастайгаа, майхан сэлттэйгээ ойролцоох товцог болгон дээр суух. Хүүхдүүд баясан гүйлдэж, хөгшид нь эвхдэг сандал дээр налайж, яагаад ч юм бэ энд бараг тэнгэрийн оддоос ч илүү харагддаг цаасан шувуу нисгэн тоглож байсныг урьд өдрийн хязаалан насны уралдаанаас харж л байсан л даа. Гэхдээ яагаад тэд ийн олноороо цугладгийг ойлгоход хэцүү.

Тэд тайван, тааваараа зогсч хуучны оросын дурангаар хэний ямар морь түрүүлж эхлэхийг таамаглан зогсч байсан гэдгийг ерөнхийдөө таамаглаж байсан ч тэдний морьд барианд орох сэтгэлийн хөөрлийг өөрөөр хэлбэл, тэдний кайф-ийг төсөөлж ч чадахааргүйдээ гутармаар. Дөнгөж хэлд орж байгаа болов уу гэмээр жоохон жаал хэнээр ч заалгаагүй мөртлөө “гүүг гүүг гүүргий гүүргий...” гэж хашгирах. Өмнөх буюу наадмын эхний өдөр /уг нь морьдын уралдаан долдугаар сарын 10-нд эхэлсэн юм билээ л дээ, би өөрийнхөөрөө наадмын нээлт эхэлсэн өдрийг эхний өдөр гээд бодчихсон байсан юм/ би арай өндөрлөг газарт байрлаад монголчуудын ойлгохыг хичээсэн юм. Тэгсэн чинь хэлэхэд эвгүй ч гэсэн физиологийн нэг шаардлага гараад... /үүнийг юу гэдгийг бараг ойлгох байх/ Тэр шаардлагыг хангахын тулд би уртын урт дараалалд зогсов. Монголын хамгийн хэцүү асуудал нь энэ. Хөдөөгүүр явахад хаашаа ч харсан тэгш талд бүсгүй хүн яах билээ. Дээл нөмрөөд явган сууж болно гэдэг ч би чадахгүй. Энэ удаа тэр хэцүү “ажил”-ыг хийе гэсэн ч хаа сайгүй бөөн наадамчин байгаа болохоор яах ч аргагүй.

Тэгээд жорлон гэж нэрлэсэн хоёр контейнерийн гаднах урт дараалалд зөндөө зогслоо. Хоёр контейнерийн нэг нь эмэгтэйчүүдийнх, нөгөө нь эрэгтэйчүүдийнх. Мэдээж хэрэг эмэгтэйчүүдийнх дараалал аймаар их урт. Зарим нэг бүсгүйчүүд тэсгэл алдан эрэгтэйчүүдийн хэсэг рүү дайран орохыг эрмэлзэв. Гэвч үйлчлэгч нар нь удтал тэмцэн дугаарласан бүсгүйчүүдийг эрчүүдийн жорлонд орохыг зөвшөөрөөгүй учраас тэдний зүтгэл талаар болсон юм. Та нар бод доо. Гэнэт тэсгэл алдах /энэ бол зөвхөн илүүдлээ гадагшлуулах тухай асуудал шүү/ ямар хэцүү билээ над шиг тэвчээр муутай хүн монголчуудын өдөр болгон иддэг хуушуур хэмээх маханд боосон гурилыг тосонд хайрсан нэг төрлийн түргэн хоолыг идэж айраг хэмээх адууны сүүг эсгэсэн ундааг уучихсан байхад хэдэн минут тэсэх билээ. Гэвч би нэг цаг тэссэн бөгөөд яг мөнөөх хүслэнт жорлонгийнхоо өмнө ирэнгүүтээ аймаар үнэрээс нь болоод орж чадаагүй. Хамраа даран огихгүйг хичээн гүйж байхад минь хурдан морьдын уралдаан хэдийнэ дуусчээ. Гэвч алсаас ч гэсэн морины уралдааныг харсан монголчууд тун ч сэтгэл өндөр. Хүүхэд хөгшидгүй нүдэнд нь цог гялалзаж, баяр бахдалтай гэгч нь мишээнэ. Чухам монголчуудад л байх энэ гайхам сэтгэлгээг гадны хүмүүс яаж ойлгох билээ дээ. Аз болоход уралдааны морьдын зарим нь бидний байгаа довцог руу ойртон довтолгон айсуй. Ойрхон байгаа гэр рүүгээ давхиж байгаа нь тэр. Түрүүлээгүй ч гэсэн тэр хол давхиад ирсэн морьдоос эрч хүч ханхална. Ойр байгаа хүмүүс нь ч уламжлал ёсоор морьдын хөлсөнд гараа хүргэхийг чармайж байсан бөгөөд хэдийгээр ёс заншлыг мэдэхгүй ч өөрийн эрхгүй энэ гайхамшигтай адгуусны биед хүрээд үзэх сэтгэгдэл түрнэ. Аз болоход би ч бас тэр уралдаад ирсэн морьдын нэгэнд нь гар хүрч амжсан бөгөөд энэ жилдээ л аз хийморьтой явах юм байна гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөн шүү.

Морьдын уралдаанаа үзэж сэтгэл нь ханасан хүмүүсийн ихэнх нь товцог дээрээ амран тухалж, элдвийг хууч хөөрч байгаа бололтой. Бас зарим нь тав тухаа хангах гэж барьсан майхнаа гялс буулган унаа хөлөг рүүгээ яаравчлан байгаа харагдана. Арваадхан минут морьд уралдан ирэхийг харах гэж монголчууд майхантай, эвхдэг сандалтайгаа ирдэг бөгөөд Чингис хааны нүүдэлчин монголчуудын л дадал болов уу гэмээр хормын зуур майхан сэлтээ хураагаад тус тусын машиндаа суун гэр рүүгээ довтолгоно. Ирсэн болгон л машинтай, майхантай, хамгийн гол нь бидэн шиг ганц нэгээрээ бус халуун ам бүл, гэр бүлээрээ наадаж цэнгэж байгаа нь бас гайхмаар бөгөөд атаархмаар. Замд тааралдсан түгжрэл хэмээх саадыг эс тооцвол наадамчдын оргилуун сэтгэлийг бөхөөх зүйл үгүй. Уг нь ч бараг түгжрэл гараад байхааргүй замтай юм билээ. Гэхдээ тэдний яарах учир нь наадмынх нь бас нэг гол үзүүлбэр бөхчүүдийн барилдааны эцсийн шатыг үзэх. Монгол наадамд 1024 бөх хоёр өдөр өнжин барилддаг. Энэ олон бөхөөс хэн түрүүлэн, хэн удаалж байгааг үзэхийг хүсэн яарах нь ч дамжиггүй биз. Хэдийгээр монгол бөхийг сайн мэдэхгүй ч эцсийн шатны тулаан басхүү цус хөөргөм сонирхолтой. Түрүүлсэн бөхөө бурхны дайтай хүндэлдэг гэсэн монголчууд.

Ийнхүү монгол наадам адууны дэл сүүлээр хийсэн төрийн есөн хөлт тугаа Төрийн ордон руугаа залснаар өндөрлөдөг. Гэвч монгол наадам бас үүгээр дуусахгүй. Монголын үзэж харах сонин бүхэн ч үүгээр дуусахгүй бөлгөө.

А.Туяа /сэтгүүлч/

www.news.mn