Friday, September 30, 2011


Гадаад хэлийг яаж өөрийн болгох вэ?

Оросын тамирчид төвдийн лам нар шашныхаа нэгэн баярын үеэр 80 км газар гүйдэг гэж сонсчээ. Тэдний энэ амжилт тамирчдын сонирхлыг татаж туршлага судлахаар төлөөлөгч явуулж дээ.Тэд лам нарыг өөрсдийнхөө тэр ур чадварыг үзүүлэхийг гуйжээ. Төвдүүд эхэндээ ойлгосонгүй. Баяр болоогүй байхад гүйж яах юм? Тэд чинь баяр болж байгаа тэр газар руу гүйдэг улс шүү дээ. Гэвч зочид шахсаар гуйсаар байсан тул лам нар энэ утгагүй зүйлийг зөвшөөрөхөөс аргагүй болжээ. Тэгээд л гүйцгээж гэнэ. Манай төлөөлөгчид харж байтал нэг лам гүйж гүйж амьсгаадаад замын хажууд суугаад өгч. Бас дахиад нэг. Тэд нар луу очоод “Чи яагаад суучихав? Ганц км ч гүйгээгүй байна шүү дээ?” гэж асуусанд тэр “Ядраад” гэжээ. Ерийн л нэг ази хүн ядраад сууж амарч байна. Ямар ч зорилгогүй гүйхийг ойлгохгүй. Цаг хугацаа барьж болон тодорхой зайнд гүйхийг тэр ойлгохгүй. Нэг үгээр хэлбэл лам нарын нэг нь ч гүйж чадсангүй замаас гарчээ. Та сурах бичгээс нэг сэдэв уншихад дорхноо л км ч гүйгээгүй байж замын хажуу руу суучихсан лам шиг ядраад эхэлнэ. Яагаад тэр вэ? Та залхуу хүн үү? Үгүй. Үүнд таны буруу байхгүй. Энэ бол хүний сэтгэцийн ердийн хариу үйлдэл.
Төлөөлөгчид хоосон буцлаа. Дараахан нь буддын шашны баяр нь болж лам нар баярын талбай руу ямар ч зовлонгүй 80 км зайд гүйжээ. Тэд км ч тоолсонгүй, цаг ч харсангүй. Тэдний бодол санаа шал өөр зүйлд байв. Тэдний ёслолын зан үйлийн нэг нь баярын талбай руу гүйх явдал юм. Тэд нуурын эргээр гүйж явахдаа гараа толгойныхоо ард аваачин нэг төрлийн уншлага уншина. Дараа нь уул тойрох үед гараа өөр нэг байрлалд аваачин бас нэг уншлага уншина. Энэ мэтээр гүйж нэг нь ч ядрахгүй. Товчхон хэлэхэд тэд гүйж байгаагаа биш баяр болж байгаа тухай бодож байна. Тэгэхээр тэдний хувьд гүйх нь арга хэрэгсэл, харин баяр нь зорилго болж өгч байна.

Энэ түүх гадаад хэл эзэмшихэд ямар хамаатай билээ? Маш энгийн.
Хэл бол яг л тэр гүйлт шиг арга хэрэгсэл болохоос зорилго биш. Та ямар нэг юм уншихдаа хэлийг биш тухайн сэдвийн агуулгыг нь сонирхох ёстой. Ингэж унших үед та хэлний тухайд юу ч бодохгүй. Сурах бичигт байгаа сэдэвт хэл нь зорилго болж харин агуулга нь хэрэгсэл болсон байдаг. Тийм учраас тийм өгүүлэл уншихад ядарч унших хүсэл төрөхгүй байгаа нь оюун ухаанд нэвтрэн орох гэсэн оролдлогод хамгаалах үйлдэл илэрч бүх зүйл урвуугаар эргээд байгаа хэрэг.

Бас нэг жишээ авъя. Та багш, таны өмнө нэг бүлэг суралцагч байна гэж бодъё. Та хэн нэгнийг босож өрөөн дундуур алхаасай гэж бодлоо. Ингээд хэн нэг хүнийг “Та босоод өрөөн дундуур алхана уу” гэж хүслээ. Тэр хүн таны хүсэлтийг биелүүлнэ. Гэхдээ нэг л тийм эвгүй байгаа нь мэдрэгдэнэ. Хэрвээ та “Хаалга онгойлгоод өгнө үү” гэж хэлбэл ийм тохиолдолд тэр босоод явахдаа ердийн итгэл төгс байна. Энэ тохиолдолд хаалга онгойлгох нь зорилго, босоод алхах нь хэрэгсэл болно.
Эхний тохиолдолд босч алхах нь зорилго болсон учраас зорилго маань өөрөө ер бусын болж байгаа юм. Өөрийн зорилгоо алдсан энэ хэрэгсэл нь албан хүчээр зорилго болж байна.

Хэлэнд ч мөн адил. Би танд “Ширээ бэлэн” гэж хэлбэл та “Тэгээд? Цааш нь? “ гэж асууна. Ширээ байна гэсэн энэ өгүүлбэр нь өөрөө ямар нэг утга агуулаагүй харин үгийн шууд утга (үгсийн сан болон үгзүйн) агуулна.
Зөвхөн тодорхой амьд жишээн дээр энэ нь утга агуулна. Жишээ нь мужаан ширээ засаад “Ширээ бэлэн” гэвэл үүний цаад утга нь “Мөнгөө төл” гэсэн үг. Эсвэл гэрийн эзэгтэй зочдод “Ширээ бэлэн” гэвэл ширээнд суухыг урьж байна гэж ойлгогдоно. Эсвэл хаа нэгтээ зусланд ийм нэг яриа болжээ. “Зочид ирснийг чи мэдэхгүй байна уу?” – “Ширээ бэлэн байна даа” Утга нь:
“Хөршүүд иржээ”
Адилхан л нэг өгүүлбэрт нөхцөл байдлаас хамаарч зорилго нь солигдож байна. Утга нь хэрэгсэл болж утга санаа нь зорилго болжээ. Бид хэлийг үгийн ач холбогдолд биш утга санааны түвшинд ашигладаг. Бүр нэг дүүрчихсэн маанаг амьтан л гадагшаа гараад “Мод ургаж байна. Тэр бол том. Энэ хус мод байна. Навч ногоон. Муур мод руу авирч байна. Тэр саарал өнгөтэй. Тэр хурдан гүйж байна” гэж харсан зүйлээ хэлэх байх. Энэ өгүүлбэрүүд сурах бичгийн загвар гэдгийг та харж байгаа биз дээ. Уламжлалт сурах бичгийн муу тал нь хэлийг ганцхан зорилгоо болгохоос биш хэрэгсэл болгодоггүй. Энэ нь бүр зайлшгүй шалгуур болдог гээч.
Тиймээс унших юмуу танхимд хичээллэх нь юуны өмнө танд сонирхолтой байх ёстой бөгөөд ярианы хэлийг амьд бодит харилцаагаар эзэмших хэрэгтэй.

Та гадаад хэлээр чөлөөтэй уншиж сурлаа. Уншаад л бүгдийг шууд төрөлх хэл шигээ ойлгож байна. Гэвч та германы радио нэвтрүүлгийг сонсвол юу ч ойлгохгүй. Герман хүнтэй ярих гээд үз. Бас л юу ч хэлж чадахгүй. Учир юунд байна вэ?
Хэлийг та жижигхэн шүүгээ гээд бодчих. Шүүгээн дотор чинь 3 бяцхан хайрцаг байна. Нэг дэх нь ярианы хэл, хоёр дахь нь сонсоод ойлгох, гурав дахь нь сэдвийг уншаад ойлгох. Хэл гэдэг танд нэг бүхэл зүйл шиг санагдаж байгаа. Учир нь та төрөлх хэлээрээр ярьж, ойлгож уншина. Гэвч та өөрөө ч мэдэлгүйгээр дээрх 3 хайрцгийг ашиглаж байна. Эндээс уншиж сурахын тулд яах хэрэгтэй вэ? гэсэн асуулт гарч байна. Хариулт нь аль болох их унш. Сонсч сурахын тулд уу? Тийм сонсч сурахын тулд! (хэрвээ та аль хэдийн чөлөөтэй уншдаг бол 2 сар сонсоход телевиз радиогоор ярьж байгааг ойлгож сурна) Ярьж сурахын тулд яах вэ? Ярь! Яг л сэлж сурахтай ижил.
Та хуурай газар сэлэх хөдөлгөөнийг хичнээн ч заалгасан усанд сэлэх болоход хэрхэвч зөв сэлэхгүй. Хэрвээ танд бодит яриагаар хэл заахгүй амьд орчинд яриулж сургахгүй байгаа бол та усгүй газар сэлж сурах хөдөлгөөнийг хийх буюу машингүйгээр яаж жолоодохыг хоосон заалгаж байгаа хэрэг.
Амьд орчин нөхцөл байдал гэж юуг хэлээд байна вэ? Ямар нэгэн утга учир бүхий амьдралын асуудлыг шийдвэрлэхийн тулд хэл нь хэрэглүүр болж өгч байгаа тийм орчин юм. Хэл ганцхан зорилго болоогүй үед (жишээ нь өгүүлэл юмуу харилцан яриаг цээжилж тогтоодог шиг) хэрэглүүр болно. Үүнийг та хэлийг эзэмших буюу заахдаа гол нь яах хэрэгтэйг ойлгоорой.
Тэгэхээр бяцхан хайрцагууд (яриа, ойлголт, уншилт) олон янз байлаа ч орчуулга, сэдвийг эргүүлэн ярих, хэл зүйн дасгал хийх, харилцан яриаг цээжлэх, ангид сонсох, ном унших алинаар нь ч та хэл сурахгүй. Утга санаа илтгэсэн амьд орчинд хэл сурна.

Иймээс хэл сургана гэж амлаад байгаа танхимын сургалтын рекламууд яриангүй мэхлэж байгаа юм шүү. Хэрвээ та сэлж сураагүй л бол яг усанд ороход хуурай газар нь заалгасан бүгд чинь хийсэн одож та шууд л будилж юу ч заалгаагүй юм шиг тэлчилэх болно. Та “Одоо өгүүлэхүүнийг тийм хэлбэрт өгүүлэгдэхүүнийг тийм хэлбэрт тавина” гэж хэзээ ч боддоггүй биз дээ. Та энэ хэлбэрүүдээр маш удаан “сургуулилсан” ч байг энэ нь зөвхөн хэлийг гагцхүү зорилго болгож харж байх хүртэл л хэрэглэгдэнэ. Гэтэл та гадаадад явж байтал цүнхээ хулгайд алдчихлаа. Та цагдаад мэдэгдэнэ. Энэ үед хэлнээс илүү утга нь танд чухал. (Хэлэх гэтэл бүх юм эмх замбараа алдана)
Хэл сурах олон янзын арга бий. Ихэнх арга барил үзсэнээ бататгаж цээжлэх зэргээр өмнөх мэдээлэл дээрээ зогсчихдог.
Яг шууд хийж эхлэх зүйл дээрээ тэд зогсоод дуусгачихдаг. Энэ бүх арга барил нь тодорхой зүйлийг цээжлэх замаар идэвхгүй эзэмшихэд чиглэсэн уламжлалт аргын янз бүрийн хэлбэрүүд юм. Энэ нь бурханы номыг цээжилж тогтоохыг голчилсон дундад зууны шашны сургуулиас уламжлалтай. Багш нь уншихад сурагчид нь  дагаж давтдаг. Тэдний хоорондоо ярих бүхий л бололцоог хаах үүднээс шил шилийг нь харуулж суулгадаг байжээ. Бүр өнөөг хүртэл энэ нь уламжлагдаж ирсэн гээч. Гэтэл амьд хэл эзэмшихэд энэ нь боломжгүй арга. Бүгд бие биеэ харж чөлөөтэй харилцаж байж ярьж сурна.

Энд би ямар нэг аргын тухай биш хамгийн гол нь хүн шиг зөв ярих тухай хэлж байгааг та ойлгож байгаа биз дээ. Сургуулийг санаж байна уу. Хэл сураад та гадаад хүнтэй ярилцах хэрэг гарна. Тэр үед амьдрал таныг ярианы хэл, утга санааг ойлгох арга зүйд сургаж өгнө.
Тэгэхээр гадаад хүнтэй эсвэл утга санааг сэтгэлээсээ илэрхийлж ярьдаг багштай байнга харилцан ярьсан нөхцөлд ярьж сурна. (ялангуяа та өмнө нь уншаад сурчихсан байвал бүр сайн сан)
Мэргэжлийн бус хүнээр заалгахгүйг бодоорой. Тийм хүн бодитоор амьд ярих нөхцөл бүрдүүлэхийн оронд үгийн ач холбогдолыг гаргасан дасгал хийлгэхийг хичээх өөрөөр хэлбэл сурах бичигтэй зууралдана. Бидний ярьсанчлан энэ нь зүйд нийцэхгүй учраас тэр үүнийгээ хүчээр хийлгэх болно. Тантай байнга найрсаг харилцан ярихын оронд анхааруулга өгч “Энд би дарга, чи юу ч мэдэхгүй, тэнэг” гэсэн байдлаар алдаа гаргах бүрт чинь баярлах болно.
(Хэрвээ бид хэлээ сурахгүй түүнд зүгээр л дасаж орхивол тэр яасан гэж бидэнд сануулга өгч дүгнэх хэрэг вэ? Эмч хүн өвчтөндөө дүн тавьдаггүй биз дээ? Хэн нэгэнд дүн тавих ёстой л юм бол эмч багш хоёрт өөрсдөд нь тавих ёстой) Хэрвээ багш чинь 15-аас илүү хүнд хичээл заахыг зөвшөөрч байгаа бол түүнийг мэргэжлийн бус гэж ойлгох хэрэгтэй. (Ийм нөхцөлд ярилцах боломжгүй). Хэрвээ хичээл дээр сонин сэтгүүл, ном, радио нэвтрүүлэг зэрэг жинхэнэ эх материал ашиглахгүй сурах бичгээр хязгаарлаж байвал, эсвэл ядарч, өвдөж, сэтгэл санаа нь тааруухан байгаагаа үзүүлж өөрийнхөө зовлон зүдгүүрийн талаар ярьдаг бол, та нарыг шил шилийг чинь харуулж суулгаж байвал тэр мэргэжлийн багш биш ээ. Хэл бол зорилго биш хэрэглүүр учраас түүнийг эрчимтэй эзэмших хэрэгтэйг та бүгд одоо ойлголоо.

Харин багш үүнийг ойлгохгүй бол тэр өөрийнхөө мэргэжлийн талаар мэддэггүй хүн байна. Хэл чинь мэргэжил биш түүнийг хүссэн хэн ч сурч болно. Сурах бичигтэй зууралдаж суух юм бол үүнийг сурахын ч хэрэг алга, цаг заваа зориулах ч шаардлагагүй.
Хэрвээ багшийгаа сольж чадахгүй бол яах вэ? Уламжлалт аргаар хэл сурахаас өөр аргагүй бол ярих боломж олдтол тэр хэлээр уншиж, нэвтрүүлэг сонсч байх нь маш сайн. Тийм үед та янз бүрийн сурах бичгээр бие даагаад ч юмуу дамжаанд сурах хэрэггүй гэдгийг танд зөвлөх байна. (Яагаад гэдгийг та аль хэдийнээ ойлгосон байх)
Түүнчлэн хэл гэдэг чинь үгнээс, хэл зүйгээс, өгүүлбэрээс бүтдэггүй эсрэгээрээ жишээ нь германаар тухайн тохиолдолд юу гэж хэлдэгийг зааж байгаа хэрэг.
Жишээ нь оросууд “Я боюсь собаки” гэж ярьдаг бол монгол хүн “Би нохойноос айдаг” гэж ярьдаг.
Орос хэлээр нохой гэсэн үгийг заахын тийн ялгалд хувиргаж (үгчилбэл “ Би нохойг айж байна”) байхад монгол хэлэнд гарахын тийн ялгалд тавьдаг. (нохой+оос)
Бүх хэл ийм. Тэгэхээр үгийг дангаар нь цээжлээд ашиггүй. Өгүүлбэрт орсноор нь тогтоох хэрэгтэй. Энэ маш чухал шүү. (Хүүхэд байхдаа би латин цагаан толгой цээжлэх юм болов оо. Гэтэл гадаад хэлэнд үсэг байтугай үг нь хүртэл өөрчилөгддөгийг мэдээд их гайхаж билээ)
Хэлзүйн бүх хэлбэрүүд хэдхэн хуудсанд багтана. Бүх дүрмийг 3-4 хичээл дээр ярьж болно. Үг ч бас асуудал биш. Та нэг тодорхой сэдвээс 10 үг ялгаж өмнөө бич. Түүнийг та 10 минутад тогтоож чадахгүй гэж үү? Ердийн ой тогтоолтой хүн өдөрт 100, түүнээс ч олон, хэдэн зууг тогтоож чадна. Жирийн ярианд бид 3000 орчим үгийг ашигладаг.
Ямар ч ховс илбэ, санаа авах тусгай үзүүлэн хэрэггүй. Сурах үйл хэрэгт энэ нь зөвхөн хор хүргэнэ. Тэгэхээр дүрэм үзэж үг цээжлэх биш харин тухайн нөхцөлд үгийг зөв хэрэглэхэд асуудал оршино. Энэ үүднээс сайн ярьж сурахын тулд хэлийг насан туршдаа сурах хэрэгтэй бөгөөд үүнд төгсгөл үгүй. Маш хурдан (жишээ нь хэдхэн сарын дотор чөлөөтэй уншиж сурч болно) ойлгодог болж болно.
Хамгийн чухал нь хэлийг эрчимтэй эзэмших хэрэгтэй. Хоёр зүйлээр харьцуулж үзье. Нэгдүгээрт хэлийг бөөн тоосго гэж үзвэл та түүнээс тасралтгүй болгоомжтойгоор авч өөр газар өрнө. Бүх тоосгыг авч дууссан цагт хэл сурлаа гэж болно. Нөгөө нь хэл гэдэг нь таны оройд нь гүйж гарах ёстой мөсөн уул.
Эхнийхэд (бөөн тоосго) хэл нь сургалтын сэдэв, зорилго болдог шигээ юмны хэмжээ болжээ. Та түүнийг байнга үзнэ. Ямар хугацаагаар эрч хүчээр үзэх нь хамаагүй гол нь бүх тоосгыг эвлүүлж тавих ёстой. 100 тоосго бол 100 хичээл гэсэн үг. Өдөр бүр үзнэ үү, долоо хоногт ганц удаа үзнэ үү тэр нь чухал биш. Мэдээж энэ зөв төсөөлөл биш байна. Хоёр дахь тохиолдолд (мөсөн уул) эрч хүчтэй байх нь чухал. Чи уул өөд эрчээрээ хурдан гүйж гарах хэрэгтэй. Тэгээд л хэлээ өөрийн болгоно. Гүйцээ. Эрчтэй гүйж гарч чадахгүй бол үргэлж доошоо гулсаад л байна. 100 хичээл үзээд ч үр дүнгүй. (Та нэг л байрандаа хальтираад байгаа болохоор хичээлийн тоо энд үүрэг гүйцэтгэхгүй)
Хаалттай хаалганд 1000 удаа гараа зөөлхөн хүргэсэн ч онгойхгүй.
Хүчээ хуримтлуулж байгаад ганц л удаа хүчтэй түлхэхэд онгойно. Хэлийг ямар нэг юмны хэмжээ мэтээр сурвал түүндээ бүр дасал болно. (Иймээс би хэлийг сурах биш өөрийн болгохын тулд “хэлээ эзэмшиж” ярьж сурахыг хичээдэг) Энд яг л биеийн тамирын дасгал юмуу эмчилгээг тодорхой цагаар хийдэг шиг хичээллэх хэрэгтэй. Иймд хэл сурч эхлэхээсээ өмнө өдөр бүр ядаж 2 цаг хичээллэж чадах эсэхээ бод. Хэлийг амьдралынхаа нэг хэсэг болгохын тулд та цаг зав гаргаад зогсохгүй сэтгэлээ ч зориулж чадах уу? Өөрөөр хэлбэл та одоо хэл сурахад бэлэн байна уу?
Тэгвэл “Мэдээж цаг заваар маруухан. Гэхдээ бага ч болов үзэх нь оргүйгээс дээр…” гэж бүү яриарай. Та зүгээр л дороо эргэлдээд байх болно. Гэвч хэлийг мөчлөгөөр үе шаталж эзэмшиж болно л доо. Жишээ нь сар юмуу хоёр сар тархиндаа ачаалал өгч маш эрчимтэй үзээд сар завсарлах мэтээр. Хэлийг эзэмшихдээ сунжруулж болохгүй. Найман жил сураагүй хэлийг ганц жилийн дотор сурч болно. (Хэлийг үр ашиггүй сурах ердийн хугацаа буюу 6 жил сургуулиар, нэмээд дээд сургуульд 2 жил эцсийн дүнд юу ч үгүй) Та хэрвээ хэлээ сурч эхлээд хаячихвал амархан мартаж юу ч үгүй болно. Хэлийг сурсан байхад мартагдаж орхигдоно гэж байхгүй. Завсарлага авчихвал ярих чадвар чинь мууддаг ч шинээр дадлага хийхэд амархан сэргээд ирнэ.
Та хэлээ жаахан орхичихсон тэгээд шинэ мөчлөг эхлэхийн өмнө түүнийг давтмаар болбол дахиад бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Ингэх хэрэг байна уу. Нэгдүгээрт уйтгартай. Хоёрдугаарт хэлэнд эхлэл, төгсгөл гэж байхгүй. Тэр чинь шугам юмуу бөмбөлөг биш. Тиймээс бүх цаг заваа зориулаарай. Эс тэгвэл дороо эргэлдээд байх болно.
Эргэн буцан давтсанаас урагшаа гүйх нь дээр байдаг. Жишээ нь толь бичиг ашиглан ном уншлаа. Уншсанаа сайн эзэмших гэж оролдохоор цааш нь уншаад байх нь илүү. Эхний хуудсанд гарсан нэг үгтэй зууралдсанаас цааш нь 50 шинэ хуудас уншвал тэр үг хэдэн удаа давтагдан гарч аяндаа мэдэх болно. Энэ мэтээр бусад олон үгийг тогтооно.
Мөсөн уулын оройд гарсан эсэхээ яаж мэдэх вэ (өөрөөр хэлбэл ярианы хэлийг эзэмшлээ гэдгээ) Үүнийг та өөрөө мэдэрнэ. Хэрэг явдал хичнээн хичээл үзэж хичнээн материал дээр ажилласнаар болохгүй. Чанартай сурах хэрэгтэй. Та гэнэт өөрийгөө үүнийг яаж хэлдэг билээ гэж бодохгүй хэл зүйн дүрмийг мартаж ярьж буйгаа мэдрэх болно. Танд ямар нэг юмыг германаар хэлэхэд оросоор эхлээд орчуулалгүй шууд ойлгоно. Энэ бол эргэлтийн цэг (орос хэлний тусламжгүйгээр дан ганц германаар ярина) бөгөөд таныг үр дүнд хүрлээ гэдгийг харуулсан үзүүлэлт. Энэ өөрчлөлт хүн хүний онцлогоос хамаарч янз бүрийн хугацаанд илэрч болно. Тэлчилж байснаа ярилгүй гэнэтхэн хөвөөд самарч эхэлснээ ярь. (Дахиад хэлэхэд энд юуны төлөө дүн тавих юм? Хүнийх нь онцлогт уу? Энэ чинь түүнд байгалиас заяасан зан чанар нь шүү дээ. Сарнайг хурдан ургуулахын тулд дэлбээнээс нь чангаадаггүй биз дээ).
Олон хүн дуудлагын талаар мартдаг “Дуудлагаа засдаг уу?” Англи хэл дээр явагдаж байгаа оросын нэвтрүүлгийг радиогоор сонс доо. Ямар аймаар дуудлагатай гээч! Та түүнийг Би-Би-Си-гийн нэвтрүүлэгээс дор нь ялгана.
Би-Би-Си-гийн хошин шогийн программаар “оросыг дууриах даа” манай нэвтрүүлэгчдийн дуудлагыг элэглэн үзүүлдэг. Харин энэ хүмүүсийн дуудлагыг засахад нэг жил ч зарцуулаагүй. Тэд амныхаа өмнө толь бариад аль нэг авиаг хэлэхэд хэл хаашаа шүд хаашаа, хөдөлж байгааг хэдхэн сар ажиглаж байсан.
Гадаадын 2 иргэн Москвад 10 жилийн турш амьдарчээ. Нэг нь оросоор гайгүйхэн аялгатай нөгөө нь ямар ч аялгагүй цэвэр ярьдаг. Энэ нь хэлний өвөрмөц сонсголоос хамаарна. Зарим нь сонсголтой зарим нь үгүй. Та үүнд сандрах хэрэггүй. Аялгатай ярьж байгаа л биз тэгээд юу гэж?
Та өөрийнхөө ярианы хэв маягийг олчихвол дуудлагаа сайжруулахад ойр дөхөм болно.
Бас нэг чухал ур чадвар нь гадаад хэлээр сонсохдоо хэлээ хөдөлгөн ярьж буй мэтээр дууриах хэрэгтэй. Эхлээд гүйцэж та амжихгүй. Сэтгэл зоволтгүй хоцорсон хэсгээ алгасаад цааш нь дага. Сүүлдээ дууриаж амжаад цааш нь үргэлжлүүлэн бүр радио нэвтрүүлгийг ч гүйцдэг болно.
Эхлээд та үүнийг төрөлх хэл дээрээ радио телевизороо асаагаад дагаж ярь. Ингэж сармагчин шиг дууриасаар та сайн дуудлага эзэмшиж зөв аялгыг дор нь анзаарч хэллэгийг тогтооно.
Өөрийгөө хэлэнд авьяасгүй гэж боддог хүмүүс байдаг. Зарим нь бүр “Намайг сургуульд байхад багш маань тэгж хэлсэн” гэх хүн ч бий. Тэр багш чамд юу гэж хэлэх ёстой байсан юм? Юуг оромдсон юм? Хэлэнд авьяасгүй хүн гэж байхгүй. Тэр чинь хөгжим биш. Та оросоор ярьж байна уу? Тэгвэл хэлийг хариуцдаг тархины төв хэсэг чинь хэвийн байна. Нас бас үүнд ямар нэг үүрэг гүйцэтгэхгүй. Хэл сурах чинь ой санамж, юм тогтоохдоо биш түүнд дасахын нэр. Хэлийг хүүхэд байхаасаа сурах хэрэгтэй гэсэн дэмий яриа түгсэн байдаг. Ихэнх хүмүүс хэлийг насанд хүрсэн хойноо сурдаг шүү дээ. Ямар ч насны хязгаар байхгүй. Гол нь хэл гэдэг ус руу үсрэхээсээ айх хэрэггүй.
Илья Франк