Wednesday, January 11, 2012

Лондонгийн олимпийг зорих Монголын баг тамирчдын салхийг хагалж, дэлхийн топ таван марафоны нэг Лондонгийн марафонд эхний 10-т багтсанаар Монголын тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн эрхээ авсан ОУХМ Б.Сэр-Од Японы уламжлалт “Хофү Ёмиүри” марафонд тэргүүллээ. Өнгөрсөн жил 2:14:49 цагийн амжилтаар тус уралдаанд аваргалж байсан тэрбээр 42 дахь удаагийн Японы марафонд 2:11:56 цагийн амжилт үзүүлжээ. Энэ нь 2002 онд Этиопийн тамирчин Хейле Негуссигийн 2:08:16 амжилтаас хойшхи тус уралдааны түүхэн дэх хамгийн богино хугацаа гэнэ. 

Марафон гүйлтийн энэ улирлын хамгийн сүүлийн тэмцээн болох “Хофү Ёмиүри” жил бүрийн арванхоёрдугаар сард Японы Ямагүчи мужийн Хофү хотноо болдог. Энэ жилийн уралдаанд 2100 гаруй тамирчин гараанаас гарч уралджээ. Зохион байгуулагчдын зүгээс гадаадын дөрвөн тамирчныг урилгаар оролцуулсны нэг нь Б.Сэр-Од юм. Тэрбээр өмнө нь 2008 онд зургадугаар байрт шалгарч, өнгөрсөн жил түрүүлсэн, харин энэ жил аваргаа хамгаалж чадлаа.

Манай тамирчны араас Японы Юүки Каваучи 2:12:33 цагийн амжилтаар удаалжээ. Уралдааны 36 дахь км-ээс эхлэн Б.Сэр-Од үндсэн дайралтаа эхлүүлж, нийт 42,195 км замыг 2:14:49 цагт туулсан байна. Түүний хувьд энэ жилийн Лондонгийн марафонд 2:11:35 гэсэн амжилт үзүүлснээр хувийн дээд амжилтаа шинэчилсэн билээ. Харин гуравдугаар байрт Японы “Fujitsu” багийн тамирчин Норимаса Нишина /2:15:12/ байна. Эмэгтэйчүүдийн төрөлд Хисаэ Ёшимацү /2:44:28/ түрүүлж, 2009 оны аварга Норико Хирао, Нана Хигаши нар удаалжээ.