Monday, September 22, 2014



Англи улсын Оксфордын их сургуулийн Газарзүй, хүрээлэн буй орчны сургуулийн докторант Ariell Ahearn, “Ном зүй, ном зүйн менежментийг хэрхэн зөв бичих вэ, нийгмийн шинжлэх ухаан дахь ном зүйн хэв маягууд, ишлэл авах менежерүүд: RefWorks, EndNote, Zotero, Mendeley, Papers, болон Colwiz” сэдвээр, ШУТИС-ийн Англи хэлний сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Дугармаа “Судалгааны өгүүлэлийн бүтэц, пресентаци хэрхэн зөв бэлдэх, судалгааны өгүүлэлийн бичихэд юун дээр анхаарах вэ”,  Laura Connor “Судалгааны өгүүлэл бичихэд англи хэлний дүрмэн дээр хэрхэн анхаарах, судалгааны өгүүлэлийн бүтцийг зөв тодорхойлох” сэдвээр лекц уншиж хичээл заасан нь эрдэм шинжилгээний өгүүллийг англи хэл дээр бичих онолын мэдлэг, хэл зүйн дадлага олгосон үр дүнтэй сургалт болов. 


Америкийн Монгол судлалын төвийн захирал ноён Марк Тассе:
АНУ-д хэвлэгддэг болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд монгол эрдэмтдийн бичсэн өгүүлэл ховор байдаг, Монголын талаар ихэвчлэн АНУ болон гадаадын судлаачид бичдэг. Тэгэхээр манай энэ удаагийн сургалтын гол зорилго бол Монгол эрдэмтдийг  дэлхийд таниулахын тулд  англи хэл дээр эрдэм шинжилгээний илтгэл, нийтлэл бичих мэдлэгт сургаж   чадвар, дадал олгох  зорилготой юм.  Манай төв энэ талаар цаашид улам бүр анхааран ажиллах болно. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдээр дамжуулан  Монгол эрдэмтдийг таньдаг болсноор дэлхий дахин Монголыг сайн мэддэг болно. Та бүхэн бол Монгол Улсынхаа нэрийг авч явах эрдэмтэд. Ирээдүй Та бүхнээс  маш их зүйл хүлээж байна.Танай улсад анх удаа зохион байгуулж буй энэхүү семинар сургалт нь цаашид улам бүр ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. 
Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ч.Алтанцэцэг:
-СУИС, Америкийн Монгол судлалын төвийн хамтын ажиллагааны гэрээ  төлөвлөгөөний  дагуу маш эрчимтэй  хэрэгжиж байгаагийн нэг тодорхой жишээ энэ удаагийн сургалт семинар болж байна.  Олон багш нэрээ өгсөн, танхимын багтаамж  хийгээд ажил, хичээлийн цаг нараас хамааран тодорхой хэсэг нь хамрагдлаа. Цаашид энэхүү сургалтын хичээл нэг бүрийг бүх судлаач, эрдэмтэн багш нартаа хүргэхээр бүрэн бичлэг хийж авсан.  Манай багш нар үнэхээр их зүйл сурч мэдлээ гээд Америкийн Монгол судлалын төвийн хамт олонд талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулав.   
Ингээд сургалт семинарын дөрөв дэх өдрийн хичээлийг заасан АНУ-ын Элчин сайдын яамны англи хэлний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Laura Connor хатагтайн лекцэд дурдагдсан зарим чухал зөвлөмжийг хүргэе.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙГ ХЭРХЭН ЯАЖ ЭМХ ЦЭГЦТЭЙ БИЧИХ ВЭ
-Англи хэлээр эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичих нь маш их эмх цэгцтэйн дээр нэгэнт тогтсон нарийн дараалал, дэгтэй,   туршлагатай хүн харахад  андашгүй. байдаг.  Англи хэлний дүрэм их чухал.
Тийнхүү эрдэм шинжилгээний өгүүлэл бичихийн чухамхүү зорилго хийгээд зорилт юу вэ гэвэл:
-Судалж буй зүйлээрээ өгүүлэл бичих,
-Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох,
-Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх
-Тэтгэлэг авах,
-Судалж буй зүйлээрээр тухайн салбартаа нөлөө үзүүлэх зэрэг болно.
Судлаач бичихээсээ илүү уншихад хамгийн их цаг зарцуулдгийг санах хэрэгтэй. “Нэг ном бичихийн тулд нэг номын сангийн тэн хагасыг нь уншдаг” гэсэн мэргэн үг байдаг. Яагаад ийн уншдаг вэ гэвэл:
     -Өөрийн дэвшүүлсэн санааг батлахын тулд бусдыг уншдаг.
    -Нэгэнт барьж авсан тэрхүү сэдвээрээ ямар зүйл өмнө нь бичигдэж вэ гэдгийг мэдэхийн тулд уншдаг.
    -Тэрхүү сэдэвт судлагдаагүй орхигдсон орон зайг олж харахын тулд уншдаг.
    -Өөрийн судалгааг ерөнхийлөн өөрийн гэсэн орон зайтай болгохын тулд уншдаг.
  -Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд хамгийн их анхаарах ёстой холбоос үгийг өгүүлбэрийн хаана, хэрхэн яаж хэрэглэснийг мэдэж авахын тулд Англи хэлээр бусдын бичсэнийг илүү их уншдаг.  
   Дахин давтан хэлэхэд өөрийн судалгааны чиглэлээр маш их унших хэрэгтэй. Тийнхүү унших нь цаг их шаарддаг. Тиймээс шаардлагатай чухал зүйлээ тэр дор нь тэмдэглэх аваас дараа нь  эрж хайгаад байхгүй  цаг хэмнэнэ. Тийм тэмдэглэл өгүүлэл бичихэд маш их хэрэгтэй байдаг. Шууд хуулахгүй, аль болох өөрийн санаагаар тэмдэглэх хэрэгтэй. Яг байгаагаар нь хуулах аваас хулгай болно.
   -Сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулах нь маш чухал  ажил. Тиймээс нэг судалгаанд нэг тэмдэглэлийн дэвтэр зориул. Цуглуулж буй мэдээллээ дэс  дараагаар нь тэмдэглэх хэрэгтэй.
   -Эрдэм  шинжилгээний өгүүлэл бичихдээ би, бид гэсэн үгнээс  цэрвэн аль болох идэвхгүй хэвийг хэрэглэнэ.
   Эрдэм шинжилгээний өгүүлэлд  одоо, ирээдүй, өнгөрсөн цагийг чухам хаана хэрэглэхийг хатуу баримталдаг. Тухайлбал:
-Судалсан тухайгаа өнгөрсөн цаг дээр,
-Зорилгоо  одоо цаг дээр,
-Цуглуулсан мэдээ, мэдээллээ одоо цаг дээр,
-Үр дүнг өнгөрсөн цаг дээр,
-Өөрийн бодлоо одоо цаг дээр,
-Төсөөллөө өнгөрсөн цаг дээр,
-Харьцуулалтаа одоо цаг дээр гэх мэт.
    Эрдэм шинжилгээний өгүүлэл тогтсон загварын хүрээнд бичигдэнэ.  Эхлэл, гол хэсэг, дүгнэлт гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Чизбургерээр төсөөлөн тайлбарлах аваас:
   Чизбургерийн дээд хэсэг нь зөөлхөн амтлаг байдаг  шиг өгүүллийн эхлэл нь тийм сонирхолтой байх ёстой. Махгүй бол чизбургер биш болно. Навч, гич, улаан лоолиор улам амттай  болгодог шиг өгүүллийн гол хэсэг  нь нэг нь нөгөөдээ маш их уялдаа холбоотой гурав, дөрвөн хэсгээс бүрдэнэ. Дүгнэлт нь өмнөхөө дурдсан, давтсан өгүүлбэр, холбоостой байна. Бүр нарийвчлан авч үзвэл эрдэм шинжилгээний өгүүлэл үндсэн долоон хэсгээс бүрддэг тухай би дэлгэрэнгүй ярьж тайлбарласан.  Энэхүү лекц миний вэбсайт дээр тавигдах тул Та бүхэнLConnor415@Gmail.com  WWW.mustkesearch.WEEBL.com хаягаар орж энд сонссон зүйлээ дахин давтан үзээрэй. 
  -Эрдэм шинжилгээний өгүүллийг  эхлээд монголоороо бичээд дараа нь англи болгох,  шууд  англиар бичих хоёрын аль нь илүү вэ гэсэн асуултад хатагтай  Laura Connor:
   -Гол санаагаа англиар бич. Нэгэнт бичиж тэмдэглэснээ дэлгэрүүлэн англиар сэдэв болгон бичихэд амар хялбар байх болно.  Бичих тусам сайжирна. Бичих нь л чухал шүү дээ. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь  мөн тогтсон  академик үгээр бичигдэх ёстойг анхааруулж  тийм үгсийн сан руу орох аргыг хэлж өгөв.  
    Манай сургуулийн  эрдэмтэн багш нар англи хэлээр чөлөөтэй ойлгож, харилцан ярилцаж байгаа нь хатагтай Laura Connor-ын сэтгэлийг хөдөлгөсөн бололтой:
   -Би олон орноор явж гадаадынхан англиар хэрхэн ярьж байгааг сонсож байсан. Монголчууд Та бүхнийг англиар ярьж байгааг сонсоход үнэхээр бахархалтай сайхан  байна гэв.
 Ч.Алтанцэцэг захирал сургалтыг хааж хэлсэн үгэндээ:
   СУИС, Америкийн монгол судлалын төв өнгөрсөн есдүгээр сард  хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд номын санчдын дунд сургалт семинар зохион байгуулахад номын сангийн  мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн хувиар СУИС идэвхтэй хамтран ажилласан гэлээ.
Мөн СУИС, Соёл урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын соёл, урлаг судлал” сэтгүүл нь ISSN 2310-9114  гэсэн цуврал хэвлэлийн олон улсын дугаар авсныг мэдэгдээд  сэтгүүлийнхээ нэг дугаарыг энэхүү сургалтанд хамрагдсан судлаач, эрдэмтэн багш нарын англи хэл дээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээр бэлтгэн гаргана гэсэн Алтанцэцэг захирлын саналыг  танхим баяртайгаар  хүлээн авав.