Thursday, January 29, 2015

Алиман дээрх жижиг наалт юу өгүүлдэг вэ?

Г.Одгарав | GoGo.mn

2 цаг 13 минутын өмнө
Хүнсний зах, супермаркетуудын лангуун дээр өрөөстэй Америк, Польш, Солонгос, Орос шошготой алимууд үнэхээр тухайн улсаас импортолдог эсэх талаар “Иргэдийн төөрөгдөл буюу “ХИЛЭЭР ОРЖ ИРЭЭГҮЙ "АМЕРИК АЛИМ" сурвалжлагаараа хүргэсэн.


Энэ удаад алим дээрх шошго хэрэглэгчдэд ямар мэдээллийг өгдөг, тэрхүү мэдээллээр дамжуулан иргэд болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах боломжтой, алимны чанар болоод хадгалалтын талаарх бусад мэдээллийг МХЕГ-ын ургамал хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч, доктор, дэд профессор Ц.Итгэлтэй хамтран бэлтгэлээ.
ДЭЛХИЙД АЛИМ ТАРИАЛАЛТААРАА ХЯТАД, АНУ ТЭРГҮҮЛДЭГ
Алим нь сарнай (Rosaceae)-н овгийн алим (Malus)-ийн төрөлд хамаарагддаг модлог, бутлаг ургамал юм.
Энэ төрөлд 30 гаруй зүйл багтдаг бөгөөд хамгийн түгээмэл тархсан нь таримал алим буюу Malus domestica Borkh юм. Дэлхийд алимны 10 мянга гаруй сорт бий. Жимсний хэмжээ, чанар, өвөл тэсвэрлэх чадварыг үндэслэн торниун, бэсрэг, давжаа гэж гурав хуваадаг.
Монгол орны нөхцөлд торниун алимны Оросын Папирова, Налив белый, Боровинка, Антоновка обыкновенная, Грушовка, Московская, Пепин шафранный, Славянка, Ветлуженка, харин давжаа алимны Ранетка, Пурпуровая, Сеянец чудовщина, Янтарка Алтайская, Вкусное, Грелля зэрэг сортууд өндөр ургац өгдөг.
Дэлхийн хэмжээгээр 2010 онд 69 сая тонн алим хураан авснаас бараг тэн хагасыг нь БНХАУ тариалжээ. Хоёрдогч том үйлдвэрлэгч нь АНУ бөгөөд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 6 хувь орчим нь ногдож байна. Үүний дараа Турк, Итали, Энэтхэг, Польш, Франц, Чили, Аргентин улсууд орж байна. Алимны экспортоор БНХАУ, Чили, Итали, Франц, АНУ тэргүүлдэг аж.
2014 оны арванхоёрдугаар сард FAOSTAT буюу HҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр 2012 онд дэлхийд 76.3 сая тонн алим хураажээ. Үүнээс Хятад 37 сая тн, Америк 4,1 сая тонныг тариалсан байна.
/Инфографикийг О.Сүхбат/
Алим нь В, С, Е амин дэм, эрдэс бодисоор баялаг, уураг нүүрс усны агууламж харьцангуй бага учраас зохистой хүнсэнд тооцогддог бөгөөд
  • Амтат улаан /Red delicious/,
  • Амтат алтан шаргал /Golden delicious/,
  • Фүжи /Fuji/,
  • Хаанчлал /Empire/,
  • Жонатан /Jonathan/,
  • Арлын ногоон /Rhode Island Greening/,
  • Нью-Йоркийн пиппин /NewYork pippin/,
  • Айдопид /Idopid/,
  • Гравестин /Gravenstein/,
  • Ромын үзэсгэлэнт /Rome beauty/,
  • Грани смит /Granny Smith/,
  • Макинточ /Macintoch/,
  • Кортланд /Cortland/ зэрэг 20 гаруй сортын алим түгээмэл хэрэглэгддэг байна.
АЛИМ ДЭЭРХ ЖИЖИГ НААЛТ ЯМАР МЭДЭЭЛЭЛ АГУУЛДАГ ВЭ?
Та дэлгүүрээс алим худалдан авахдаа жимсэн дээрх жижиг шошгыг сонирхон үзэж байв уу. Тэнд чухам ямар мэдээлэл багтсан байдгийг мэдэх үү?
Сайн ажиглах юм бол уг шошго дээр тухайн улсын нэр, 4-5 оронтой тоо бий.
Мэдээж шошгоос тухайн алим хаанаас ирснийг илтгэнэ. Харин тоо юуг илэрхийлж байгаа вэ?
Олон улсын стандарт боловсруулах холбооны мэдээлж буйгаар 1990 оноос эхлэн жимс жимсгэнэд дээрх наалт буюу Price Look-Up code (PLU)-ийг ашиглаж иржээ.
Жимс, ногоо болгон өөрийн гэсэн дөрвөөс таван оронтой кодтой бөгөөд 4011 гэхэд л гадил жимсийг тодорхойлно.
Тэгвэл алим жимсний хувьд,
3, 4”-өөр эхэлсэн дөрвөн оронтой тоо: Жимс, хүнсний ногоон дээрх наалтан дээр “3,4”-өөр эхэлсэн ердөө дөрвөн оронтой тоо байвал тухайн жимсийг тарьж ургуулах явцад пестицид буюу хортон шавьжтай тэмцэх цацлага хэрэглэсэн гэсэн үг юм байна.
8”-аар эхэлсэн таван оронтой тоо: Хэрвээ наалтан дээр таван оронтой тоо байх бөгөөд энэ тоо нь “8”аар эхэлж байвал генетикийн өөрчлөлттэй жимс, хүнсний ногоо гэсэн үг юм. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO - Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар байгалиас ургасан хүнсний ургамлаас дутахааргүй шимт ургамал тариалж түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэлдэг бөгөөд хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай аж. Түүнээс гадна хорт хавдар үүсгэх эрсдэл агуулдаг байна.
9”-өөр эхэлсэн таван оронтой тоо: Хэрвээ таван оронтой тоо нь “9”-өөр эхэлж байвал цэвэр органик, генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн. Жишээ нь 94011 гэдэг нь органик гадил жимс гэдэг утгыг илэрхийлдэг ажээ.
МАНАЙ УЛСАД ОРГАНИК АЛИМ ХУДАЛДААЛДАГ УУ?
Барс хүнсний захын жимс ногоо худалдаалах цэг, Скай их дэлгүүр, Меркүри захаар ороод гарлаа. Тэнд худалдаалж буй жимсэн дээрх шошгыг ажиглавал бүгд “3, 4”-өөр эхэлсэн код буюу тухайн жимсийг тарьж ургуулах явцад пестицид буюу хортон шавьжтай тэмцэх цацлага хэрэглэсэн гэх тэмдэглэгээтэй байв.  
Харин “8”, “9”-өөр эхэлсэн тэмдэглэгээ харагдсангүй. Тэгэхээр манай улсад “Органик” алим болоод жимс жимсгэнэ худалдаалдаггүй гэж үү. Мэдээж бизнесийн байгууллагууд орлогоо бодоод бүгд л оруулж ирсэн жимс жимсгэнээ органик гэж тодорхойлох байх.
Ямартай ч ТА жимс жимсгэнэ ялангуяа алим худалдан авахдаа дээрх кодыг ажиглан сонголтоо хийхэд илүүдэхгүй юм.
ХОРТОН ШАВЬЖААС ХАМГААЛАХ ПЕСТИЦИД ЦАЦЛАГА ХҮНИЙ БИЕД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?
Манайд худалдаалж буй алим жимсүүд “3, 4”-өөр эхэлсэн тэмдэглэгээтэй буюу тухайн жимсийг тарьж ургуулах явцад пестицид буюу хортон шавьжтай тэмцэх цацлага хэрэглэсэн байгаа талаар дээр мэдээлсэн.
Тэгэхээр бид жимс жимсгэнэ идэхдээ пестицид хэмээх бодисыг мөн ч адил хэрэглэсээр байгаа гэсэн үг.
Пестицид хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?
Энэ талаар У.Цэрэндолгор, Ж.Батжаргал, Ж.Халзанхүү, Б.Даваадулам, Н.Сайжаа, Б.Бурмаа нарын Монголын эрдэмтдийн хийсэн “Пестицидийн хэрэглээ, тэдгээрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” судалгааны бүтээлд дэлгэрэнгүй бичжээ. Уг бүтээлд,
“Ургамлын өвчин, хог ургамал, хортон шавьж, өт авгалдай, мэрэгчид, амьтдын эндо, экзопаразиттай тэнцэхэд хөдөө аж ахуй, газар тариалан, ахуйн зориулалтаар хэрэглэдэг химийн бодисыг олон улсын нэршлээр пестицид гэнэ” гэж тодорхойлжээ.
“Эрдэмтдийн үзэж байгаагаар пестицидийг хэзээ, хэн, ямар нөхцөлд яаж хэрэглэх талаарх заавар журмыг сайтар мөрдөж ажилласан тохиолдолд хэрэглэгчдэд очих хүнсэнд агуулагдах үлдэгдэл пестицидийн хэмжээ үлэмж бага байдаг аж. Харин уг химийн бодисуудыг зөв хэрэглэх талаар зохих заавар журмыг мөрдөж ажиллаагүй тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж.
Пестицидүүд нь бие махбодод хуримтлагдаж, хордуулах, харшил үүсгэх, хавдар үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар нотолжээ.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэд, эмэгтэйчүүдийн эмгэг, төрөлхийн гажиг, дутуу төрөлт, зулбалт, хүүхэд бага жинтэй төрөх зэргийг удаан задардаг, органик бодисын нөлөөтэй холбон үзэж байгаа аж.
Пестицидэд өртөлтийн байдал болон хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг Монголын хүн амын дунд судлан тогтоох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Иймээс бид пестицидээр бохирдсон ургамал болон амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээр пестицидийн хэрэглээг тогтоож, хүний цус, хөхний сүүнд хлорорганик пестицид, шээсэнд фосфор органик пестицидийн өвөрмөц метаболитуудыг тодорхойлж, хүн амын дунд “пестицидэд өртөлтийн байдал"-ыг тогтоож, үнэлгээ, дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай” хэмээн дээрх эрдэмтдийн судалгааны бүтээлд бичсэн байна. Энэ талаар дэлгэрүүлэн http://www.mongolmed.mn/article/375-ээс унших боломжтой.
АЛИМНЫ ХАЛЬСАН ДЭЭР ТОГТСОН ТОСОН БҮРХҮҮЛ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?
Энэ талаар МХЕГ-ын ургамал хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч, доктор, дэд профессор Ц. Итгэлээс тодруулахад, “Тэр бол алимны хадгалалтыг удаашруулах зориулалттай вакc хэмээх түрхлэг юм. Өөрөөр хэлбэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэсэн үг. Мэдээж алимыг гадуур нь бүрэх зориулалт бүхий олон улсын стандартад зөвшөөрөгдсөн бодис гэж ойлгож болно”.
Харин хадгалалт уртасгах тусгай бодис бүхий алимыг заавал хальсалж иднэ гэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас өгсөнгүй. Гэлээ ч чанартай чанаргүй нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалах болсон өнөө үед иргэд хүнсний хэрэглээндээ хянамгай хандах нь зүйтэй болов уу.
АЛИМ ХЭР ХУГАЦААНД ЧАНАРТАЙ БАЙДЛАА ХАДГАЛДАГ ВЭ?
Алимыг ихэнхдээ боловсруулалгүйгээр хүнсэнд шууд хэрэглэдэг учраас хураалтын дараах хөргөлт, ангилалт, савлалт, тээвэрлэлт, хадгалалт, худалдаалалтын үед онцгой горим шаардагддаг юм. 
Алимны чанарт тавигдах шаардлагыг манай улсад Алим. Ерөнхий шаардлага MNS САС 299 : 2014 стандартаар тогтоожээ.
Жимсний хадгалалтын үеийн  өвчний ихэнх нь ургалтын хугацаанд халдвар авснаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл алимны модны иш, навчинд шимэгчилж байсан бичил биетнүүд жимс рүү дамжин орсны улмаас бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах явцад хөгжлөө үргэлжлүүлдэг учраас хүнсний сүлжээний бүх үе шатанд онцгой дэглэм баримтлах учиртай.
Жимсний агуулахын барилга, тоног төхөөрөмж, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг “Худалдааны агуулах” Ерөнхий шаардлага MNS 5364-2011 стандартаар зохицуулсан байдаг.
•Агуулахад жимс хүлээн авахаас өмнө цэвэрлэж, ариутгах ажлыг технологийн дагуу заавал хийх шаардлагатай.
•Жимсийг модон, хатуу цаасан, хуванцар хайрцагт, жимснүүд бие биендээ даралт учруулахгүй байхаар үеэр байрлуулж савлана.
•Хайрцагтай жимсийг шууд шалан дээр хурааж болохгүй, тусгай тавиур дээр байрлуулна.
•Жимсний агуулахын агаарын харьцангуй чийг, температур бичил биетний үржил, хөгжилд чухал нөлөө үзүүлдэг тул хадгалалтын горимыг баримтлах хэрэгтэй. Алимны ихэнх сортуудын хувьд агаарын харьцангуй чийг-90-95%, хадгалах тохиромжтой температур нь 0-4Со /хөргөгчний температур/ хэдий ч Голден делишес, Муцу г. м зарим сортуудыг арай бага температур (0-2Со)-т хадгалахыг зөвлөдөг.
•Алимыг хадгалах хугацаа сортуудын онцлогоос хамаараад 120-210 хүртэл хоног хадгалах боломжтой бөгөөд ихэнх сортын хувьд дунджаар 180-210 хоног байдаг.
ГАРГАЛГАА
- Дэлхийд алим тариалалтаараа ХЯТАД, АНУ улс тэргүүлдэг.
-Алим дээрх жижиг наалтаас тухайн жимсийг органик, шавьжнаас хамгаалах цацлагатай, эсвэл генийн өөрчлөлттэй эсэхийг мэдэх боломжтой.
-Монголд буюу томоохон зах, их дэлгүүрээр “Органик” тэмдэглэгээ бүхий алим худалдаалдаггүй. Харин хортон шавьжаас хамгаалах цацлага хэрэглэсэн мэдээлэл бүхий “3,4”-өөр эхэлсэн кодтой алим худалдаалж байна.
-Хортон шавьжаас хамгаалах цацлага буюу пестицид нь бие махбодод хуримтлагдаж, хордуулах, харшил үүсгэх, хавдар үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.  
-Алимны хальсан дээр тогтсон тосон бүрхүүл нь хадгалалтыг удаашруулах зориулалттай вакc хэмээх түрхлэг. Мэргэжлийн байгууллагаас алимны хальсыг заавал арилгаж идэх ёстойг одоогоор зөвлөөгүй байна.
-Алимыг сортуудын онцлогоос хамаараад 0-4Со /хөргөгчний температур/-т 120-210 хүртэл хоног хадгалах ёстой.