Tuesday, April 26, 2011


Чингис хааны тухай ном 2011 оны дэлхийн шилдэг номоор шалгарлаа.



Монголч эрдэмтэн Жак Уэтерфордийн "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" ном Амазон.сом-ын 2011 оны шилдэг сонсдог номоор шалгарлаа.Энэхүү номын шалгаруулалт  хурц өрсөлдөөнтэй болсон бөгөөд нийт саналын тоо 150 000-аас хол давсан нь уг шалгаруулалтын түүхэнд гарч байгаагүй өндөр үзүүлэлт аж. Сонирхуулахад сүүлийн даваанд үлдсэн хоёр ном хоёулаа маш өндөр оноо авсан учир /бидний өгсөн санал 67 000-аас хол давсан/ шалгаруулах комисс удаан хуралдаж, хэлэлцээд хоёуланг нь шилдэг номоор шалгаруулахаар тогтсон байна. 



Санал хураалтын сүүлийн хэдэн цагт саналын тоо минутаар бус секундээр өсөж, өрсөлдөөн нэн хурцадсан учир зохион байгуулагч тал товлосон хугацаанаасаа 3 цагийн өмнө буюу шөнийн 12 цагт /Монголын цагаар/ санал хураалтыг зогсоохоос аргагүйд хүрсэн юм. Энэ нь монголчууд дэлхийн хэмжээний интернет санал асуулгад нөлөөлж чадахуйц интернетийг өргөнөөр, чадварлагаар ашигладаг юм гэдгийг бас харуулав. Энэ ном Амазон.ком-ын дэлхийн ном болсноор монголын түүх, соёл, уламжлалын талаарх сайн сурталчилгаа болж, монголыг сонирхогчдын, аялагч жуулчдын хүрээ улам тэлэх болно.

ӨНӨӨГИЙН ЕРТӨНЦИЙГ ҮНДЭСЛЭГЧ ЭЗЭН ЧИНГИС ХААН (Номын тухай)

Хил хязгаар, улс төрийн философи, техник технологи, зэр зэвсэг,худалдаа, хувцас хунар, урлаг, утга зохиол, хэл, хөгжим гэх мэт манай ертөнцийн амьдралын бараг бүх хүрээнд Чингис Хаан болон түүний эмхлэн байгуулсан Монголын эзэнт гүрэн арилшгүй ул мөрөө үлдээсэн билээ. Манай гаргийн алс бөглүү хязгаарын гайхамшигт нэгэн хүмүүн дэлхий ертөнцийг хэрхэн өнөөгийн шинэ эринтэй золгуулсан тухай гайхалтай бөгөөд үнэн түүхийг энэхүү номонд өгүүлнэ.

Чингис Хаан хэмээх нэр соёл иргэншилт ертөнцийг тонон дээрэмдэгч нүүдэлчдийн догшин түрэмгий дайчдын тэргүүн, цусанд улайрсан, хайр найргүй, зэрлэг морьтны дүр төрхтэй ямагт сүлэлдэж ирсэн билээ. Гэвч тэрбээр чухамдаа аян дайн нь хоцрогдсон буурай Европыг техник технологи, арилжаа наймаа, үзэл санааны урьд хожид үзэгдээгүй их тэсрэлтээр ертөнцийг гүн нойрноос нь цочоон сэрээгч цэцэглэн хөгжсөн Азийн соёлтой холбох алсны хараатай удирдагч байсан нь гайхалтай. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис Хаан” номын зохиогч Жак Уэтерфорд бол Чингис Хааны төрсөн нутаг Их хориг хэмээх монголчуудын онгон шүтээнд зочилж, Чингис Хаан, түүнийг залгамжлагчид хийгээд тэдний байлдан дагуулалт, дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилсөн гайхалтай түүхийн жимээр аялсан өрнөдийн анхны эрдэмтэн билээ.

Чингис Хаан Монголын уудам талд аугаа эрх мэдэл, сүр хүчний төлөө өрсөлдөн тэмцэхдээ Ази тивд өрсөлдөгч цэргийн хүчнүүдийг ялан дийлэх, Лалын ертөнцийн ууцыг хугалж, Европын өвч хуягласан дайчдыг бут цохихдоо ухаалгаар хэрэглэж ирсэн гэнэтийн огцом дайралт, бүслэн тулалдах арга, суу залийг онцлон цэргийн шинжлэх ухаанд хувьсгал гаргасан стратеги, зэр зэвсгүүдийг бий болгосон билээ.

Нэг бумаас хэтрэхгүй дайчидтай байсан Монголын их цэрэг Чингис Хааны удирдлага дор Ромчуудын дөрвөн зууны туршид эзэлснээс ч уудам их газар нутаг, хүн амыг 25 жилийн дотор байлдан дагуулсан юм. Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойгийг хүртэлх асар том эзэнт гүрнийг байгуулсан монголчууд алс холын хаант улсыг орчин цагийн дэлхийн шинэ дэг журамд нэгтгэж ертөнцийн газрын зургийг цоо шинээр өөрчлөн зурсан.

Уэтерфорд тогтсон уламжлалыг эвдэн монголчуудын байлдан дагуулах чадвар, дэвшилтэй бөгөөд нигүүлсэн захирах суу залийг хэчнээн гүн эзэмшсэн болохыг харуулсан юм. Аль ч талаар, ямар ч түвшинд аваад үзсэн Чингис Хааны ололт амжилт цар хүрээ, хэмжээ далайцын хувьд төсөөлөхүйеэ бэрх ажээ. Чингис Хаан хуулийг бүхнээс дээр тавьж, шүтэж бишрэх эрх чөлөөг хөхүүлэн дэмждэг, төрөөс сургуулиудыг ивээн тэтгэж, дипломат дархан эрх олгож, эрүү шүүлтийг устгаж, чөлөөт худалдааг зохион байгуулж олон улс орныг захирсан, шинийг эрэлхийлдэг удирдагч байсан. Түүний бий болгосон арилжаа наймааны жим харгуй үлэмж ашигтай худалдааны их замууд болон өргөжсөн бөгөөд үүсгэн эхлүүлсэн үзэл санаа, техник технологи, арга туршлага, үй олон хүний амьдралын хэв маягийг өөрчилсөн. Монголчууд олон улсын хэмжээнд анх удаа цаасан мөнгийг хэрэглэж, шуудан харилцаа, хэвлэл, их буу, луужин, сампин зэрэг технологийг бий болгон дэлгэрүүлсэн. Тэд жүрж, лууван, гоймон, зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүнийг үүргэвч, хөзөр, өмд зэрэг орон нутгийн шинжтэй эдлэхүүнийг ч дэлхий дахинд байнгын хэрэглээ болгон түгээсэн.

Монголчууд түүхэн чухал цаг үед шинэ амьдралыг бүтээгч уран барилгачид байсан. Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис Хаан” ном нь Монгол овог аймгуудын уламжлалаар дайн тулалдааны дундуур Чингис Хааны хэрхэн өсч өндийсөн хийгээд монголчуудын эхлүүлсэн соёл иргэншлийн өрнөл хөгжлийн үнэн түүхийг өгүүлдэг. Түүхийг цоо шинээр харсан энэхүү бүтээл бол аугаа их удирдагчийн урьд үзэгдээгүй түүхийг болон түүний үр дагаврыг үзүүлээд зогсохгүй орчин цагийн дэлхий ертөнцийн хэрхэн бий болсон талаар дахин нэгэнтээ эргэцүүлэхийг бидэнд сануулж байгаа билээ.

Минносота мужийн Макалэстерийн коллежийн антропологийн профессор Жак Уэтерфорд нь овог аймгуудаар мэргэшсэн судлаач бөгөөд Энэтхэгийн мөрнүүд, Төрөлх үндэс, Чөлөөлөлт ба иргэншил, Мөнгөний түүх зэрэг бүтээл туурвисан чадварлаг зохиолч болно.

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан номын орчуулагч, дипломат 
Г. Ганболд