Monday, May 2, 2011

Импортын бүтээгдэхүүн ихэнх нь “өвчилсөн” байдаг


ШУА-ийн харьяа биологийн хүрээлэнгийн микробын нийлэгжилтын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр хүнсний ногоо, жимсэн дэх өвчин үүсгэгч микро организмын эсрэг био идэвхт бодис гарган авахаар ажиллаж байгаа юм.

-Таны хийж буй судалгааны ажлын талаар яриагаа эхлэе?
-Нэг газар олон жил газар тариалан эрхэлснээр тухайн газрынх нь хөрсний био ялзмаг болон бусад идэвх, шим нь буурдаг. Иймээс хөрсний ялзмагийг дээшлүүлэх бордоог хэрэглэх замаар ургамлыг тэтгэх, ургуулах шаардлага бий болсон. Үүний тулд ч олон жилийн өмнөөс химийн бордоо, бодис ашиглан ургамлыг ургуулахаас гадна ургамлын янз бүрийн хортон шавьж, өвчин үүсгэгч микро организмтэй тэмцдэг болсон. Гэхдээ энэ нь аажимдаа хүний биед хор хөнөөлтэй учраас сүүлийн жилүүдэд эрүүл хүнсийг дэлхий нийтээр дээдлэх болсон. Манайд ч ялгаагүй энэ жилийг хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах жил болгон зарласан нь судалгаа хийх үндэс болсон. Тэгээд ч цаг уурын эрс, тэс уур амьсгалтай холбоотой учраас манайхан хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа жимс, жимсгэнээ гадаадаас импортолж авдаг. Үүнтэй холбогдуулан судалгааны ажлаа эхэлсэн.

-Судалгаагаа эхлээд жимсэн дэх өвчин үүсгэгчийн эсрэг био идэвхт бодис гаргасан гэсэн байх аа?
-Тийм ээ. Жишээлбэл, аливаа ургамлыг сонгино, мандарины хальс эсвэл сармисны хандтай усаар услахад түүнд байсан мөөгөнцөр, бактер устаж чаддаг. Энэ бол энгийн үед хэрэглэх арга. Харин бидний хувьд өвчин үүсгэгч микро организмын эсрэг био идэвхт бодис гаргахын тулд эхлээд тэжээлийн орчинд тухайн ургамлаасаа евчин үүсгэгчийг таньж бас ялган авсан. Үүний дараа энэхүү өвчин үүсгэгчээ цааш нь ургуулан ямар төрлийн өвчин үүсгэгчтэй болон ямар өвчин үүсгэж байна вэ гэдгийг мэдэж авсан. Ингэхдээ молекул биологийн ангилал хийн, төрөл зүйлийг нь нарийн тодорхойлсон. Үүний үндсэн дээр ч өвчин үүсгэгдсэн ургамлаа тэжээлийн орчинд ургуулсан. Тэр дотроо байгалийн эх үүсвэрээс ялгасан ургамлын өвчин үүсгэгчийг дарангуйлагч чадвартай, өндөр антибиотек идэвх үүсгэдэг микро организмуудыг гарган туршиж байгаа юм. Гэхдээ үүнийгээ биологийн аргаар үүсгүүрлэсэн. Ингэснээр ч цэвэр антибиотек идэвхт бодис ялган өвчин үүсгэгчид туршсан. Энэ хугацаанд өвчин үүсгэгчийг устгах, урьдчилан сэргийлэх, өвчилсөн үед өвчлөлийг зогсоох зэрэг бүх хэлбэрээр үзэхэд амжилттай болсон.

-Үүнийгээ ямар бүтээгдэхүүн дээр туршсан юм бэ?
-Хүлэмж болон тасалгааны ургамлуудад туршсан. Энэ маань ч амжилттай болсон. Гэхдээ энэ антибиотек идэвхт бодисыг хэрэглэхэд тодорхой заалт байдаг юм. Тухайлбал, клиник болон хүнсний аюулгүй байдлын шинжилгээг хийлгэх ёстой. Ингээд шаардлага хангавал газар тариалангийн салбарт хэрэглэх боломжтой. Туршилтын хугацаанд бид тодорхой үр дүнд хүрсэн. Иймээс удахгүй амьдралд хэрэгжих байх гэж бодож байна.

-Тэгвэл жимс жимсгэнэ болон хүнсний бүх бүтээгдэхүүнд хэрэглэж болно гэсэн үг үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй л дээ. Тухайлбал, төмсөнд нэг төрлийн өвчин үүсгэгч үүслээ гэхэд түүний эсрэг антибиотек идэвхт бодис гаргаж авна. Хэрвээ лууван бол мөн л түүний эсрэг гэсэн үг. Гэхдээ зарим төрлийн антибиотек идэвхт бодис олон төрлийн өвчин үүсгэгчийг дарангуйлах чадвартай байдаг бол зарим нь нэг төрлийнхийг устгах чадвартай байдаг.

-Өвчлөхдөө амархан ургамлууд бас байдаг байх даа?
-Ургамалд өвчин үүсгэдэг үндсэн хоёр хүчин үйл бий. Нэг нь хортон шавьж, жижиг бичил организмууд. Хоёр дахь нь микро организм, вирус. Гэхдээ үүнээс бактери, мөөгөнцөр нь ургамлыг илүү өвчлүүлдэг. Хүнд хэлбэрийн өвчин ч үүсгэдэг гэж болно. Тухайлбал, мөөгөнцөр хүний биед аплотоксин гэдэг хор ялгаруулдаг. Энэ хор нь элэг өвчлүүлж, аажимдаа хавдар үүсэх хүчин зүйл ч болдог. Нөгөө талаар тасалгаа болон хүлэмжинд ургадаг ургамлууд амархан өвчилдөг. Ер нь ургамлын өвчин улс орны эдийн засаг, газар тариалангийн салбарт их хэмжээний хохирол учруулдаг шүү дээ. Мөн жимс ч амархан өвчилдөг. Учир нь жимс, жимсгэнэ нимгэн хальстай бас саахар, глюкоз ихтэй. Энэ хоёр шалтгаан нь микро организмуудын үржих таатай орчин юм. Нөгөө талаар жимсний хадгалах хугацаа бага зэрэг өөрчлөгдөхөд л өвчилдөг. Хүмүүс төмс, хүнсний ногоог чанаж, жигнэх зэрэг хоёр дахь шатны боловсруулапт хийгээд хэрэглэдэг. Харин жимсийг бол зарим нь бараг угаахгүй хэрэглэдэг шүү дээ.

-Аливаа жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас нь хараад өвчилсөн эсэхийг мэдэж болох уу?
-Тухайн бүтээгдэхүүн хэдийнэ өвчлөөд гадар орчинд нь микро организм урган, харлаж, хорчийсон тохиолдолд хэрэглэгчид мэдэхээс бус бусад үед өвчилсөн эсэхийг мэддэггүй. Нөгөө талаар манайд импортоор ирж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсанаас ихэнх нь өвчилсөн байдаг. Иймээс лабораторийн шинжилгээний чанар, хяналтыг яаралтай сайжруулах хэрэгтэй юм. Нэмж хэлэхэд зөвхөн өвчилсөн бүтээгдэхүүнээс гадна химийн бордоо хэрэглэснээс ч татгалзах ёстой. Яагаад гэвэл энэ нь мөн адил хүний биед янз бүрийн өвчин үүсгэгч эх үүсвэр болдог.