Tuesday, May 3, 2011


Химийн бодистой хуванцар сав хэрэглэсээр байна





Стандарт хэмжил зүйн төвийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт хүүхдийн хуванцар тоглоом, ахуйн хэрэглээний зарим сав суулгад бодисын шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр манайд өргөн ашигладаг ахуйн сав суулга, хүүхдийн хуванцар тоглоомд зарим химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байжээ. Тухайлбал, хуванцар эдээр хийсэн хүүхдийн тоглоом, сав суулгад формальдегид хэмээх химийн бодис их хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоосон байна. Түүнчлэн орон нутгийн болон гэр хорооллын иргэдийн ихэвчлэн ус, айраг, цагаанд хэрэглэдэг 20-200 литрийн багтаамжтай хуванцар саванд ч тус бодис байх ёстой хэмжээнээс хэд дахин хэтэрсэн байгаа аж. Формальдегид гэдэг нь хуванцар савны найрлагыг бүрдүүлэгч гол бодис бөгөөд энэхүү химийн бодис нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, ялангуяа хүүхдийн биед хуримтлагдан элэг, бөөр зэргийг гэмтээж, архаг хууч өвчин үүсгэдэг бодис юм байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн төвтэй хамтран Бүгд Найрамдах Унгар Улсын стандарт, ОХУ-ын ГОСТ болон бусад олон улсын стандарт аргуудаас иш татаж "Хуванцар сав баглаа боодол, хүүхдийн тоглоомд формальдегид тодорхойлох спектрофотометрийн арга" МИS 6339 стандартыг боловсруулан гаргасан байна. Мөн эрх бүхий газрууд хуванцар эд. тоглоом, ахуйн хэрэглээний бараануудыг форматьдегидийн шинжилгээнд хамруулж, зарж, борлуулах зөвшөөрөл олгож байхаар болжээ.

 Манай улсын хувьд хуванцар сав, суулгыг ахуйн зориулалтаар байнга хэрэглэдэг. Хуванцар материалаар хийсэн бүх савны баглаа боодол дээр тэмдэг байх ёстой. Бидний өдөр тутам хэрэглэдэг ундаа цэвэр ус гэх хүнсний бүтээгдэхүүний саван дээр гурвалжин дотор 1 PET мөн 2 HDPE гэсэн тэмдэг бий. Энэ нь хэт ягаан туяа болон халууны нөлөөгөөр бүтэц нь задардаг, хэзээ ч халуун зүйл хийж дахин хэрэглэж болохгүй гэсэн vг. Ундаа, усны саванд хүмүүс цай, сүү, айраг зэргийг хийж хэрэглээд байдаг. Энэ бол нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүн. Хэрэв шошго дээрээ 3 PVC, 6 PS, 70Т-HER гэсэн тэмдэгтэй бол маш аюултай. Ийм тэмдэгтэй хуванцар сав хүний гормоны үйл ажиллагаанд нөлөөлдөг фталат хлорид зэрэг хортой бодис агуулдаг.


Поливинилхлоридийг үйлдвэрлэх болон хаяхад хорт хавдар үүсгэх диоксин ялгардаг байна. Харин 4 LDPE, 5 РР тэмдэгтэй хуванцар нь хүнсний бүтээгдэхүүн савлахад аюулгүй гэдэг нь тогтоогдсон ч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн меламин /Мелалит/ гэсэн бичигтэй байвал аминопластын бүлэгт хамаарагдах янз бүрийн дүүргэгчид, будагч бодисууд болон меламин-формальдегидын давирхайгаас тогтох шахмал зэргийг агуулдаг сав бөгөөд хүнсний бүтээгдэхүүн хийхийг хориглох хэрэгтэй гэнэ.