Sunday, May 1, 2011

Номын баяр  

Одоогоос таван жилийн өмнө “зөв мэдлэгт хөтөлнө” уриатай номын дагнасан анхны нэвтрүүлэг UBS телевизийн эфирээр “Номын ертөнц” нэртэйгээр анх үзэгчдэд хүрч эхэлсэн билээ.

Нэвтрүүлэг анх гарч эхэлсэн цагаасаа баримталж ирсэн нэг зарчим бол Монголын залууст зөв мэдлэгийг, зөв номыг танилцуулах замаар олон уншигчийг, бүтээгчийг бий болгох байсан юм. Одоо үед хэвлэл мэдээллийн олон сувгаар олон сая мэдээлэл цацагдаж байна. Энэ дундаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж чаддаг байх нь боловсролын том хэмжүүр гэдгийг бид сурталчилсаар иржээ. Чухам энэ утгаараа мунхагийн харанхуйг үлдэн хөөх мянга мянган зулын нэг нь “Номын Ертөнц” нэвтрүүлэг болж чадсан байх гэж найдаж байна. Өнөөдөр “Номын ертөнц” нэвтрүүлэг 5 нас хүрч байна.

Ойн хүрээндээ олон сайхан ажлыг хийхээр төлөвлөн ханцуй шамлан орсны эхнийх нь 8 дахь удаагийн үндэсний хэмжээний Номын баяр ажээ.

Баяр болгон өөрийн гэсэн гэнэтийн бэлэгтэй болгодгийг ном сонирхогчид маань мэднэ. Тиймээс удахгүй болох номын баяраар зочилж, номын ертөнцийнхний сүүлийн үеийн бүтээл, нэвтрүүлээд байгаа шинэ соргог бүхэнтэй танилцаарай. Номын баяр 5-р сарын  10, 11, 12-ны өдрүүдэд Оюутны талбайд зохион байгуулагдана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 91909093, 96002686 дугаарын утсаар аваарай.