Monday, October 3, 2011


Хуванцар сав аюултай гэж гарвал импортыг бүрмөсөн зогсоох ёстой


-Манай улсад химийн аюултай бодис болон түүнийг агуулсан савыг устгах цэг байхгүй-

Ундны ус зөөх зориулалтаар ашигладаг хуванцар сав эрүүл мэндэд хэрхэн хор хүргэж буй тухай цуврал сурвалжлага, нийтлэлүүд үргэлжилж байна. Манай нийтлэлийн мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан ажлын хэсэг байгуулж, хуванцар савыг шинжилж эхэлжээ. Энэ талаар тус газрын Эрүүл мэнд, боловсрол хариуцсан хэлтсийн дарга Д.Баярболдтой ярилцлаа.

-Хилээр химийн хорт бодистой орж ирсэн ногоон, хөх өнгийн савыг иргэд ус зөөх зориулалтаар ашиглаж байна. Гэтэл дээрх саванд хадгалсан усыг хэрэглэх нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа. Та бүхэн хэрхэн сэрэмжлүүлж байна вэ?
-Хуванцар сав олон төрөл байдаг. Өөрөөр хэлбэл, хуванцар сав болгон аюултай биш. Хүнс болон техникийн зориулалтаар ашиглахаас хамаарна гэсэн үг. Иргэд савны гаднах боодол, баглаанаас хүнс эсвэл техникийн зориулалтад ашиглах тухай зааврыг уншаад ойлгох ёстой. Харамсалтай нь, түүнийг анзаарч уншилгүйгээр химийн хорт бодистой ирсэн хуванцар савыг хүнсний хэрэглээнд ашиглаж байна. 

Мэргэжлийн хяналтынхны зүгээс ус зөөвөрлөх зориулалтаар зарж байгаа хуванцар саванд стандартчилал, аргачлалын дагуу шинжилгээ хийсэн. Хариу гарах болоогүй. Манай улсад хуванцар сав, нийлэг бүтээгдэхүүнд нарийн шинжилгээ хийдэг лаборатори ховор. Ямар төрлийн меламин агуулсныг тогтооход хэцүү. Нарийн мэргэжлийн лаборатори ховор учраас шинжилгээний дүн өөр гарах тал бий.

Ажлын хэсгийнхэн ярилцаад хамгийн найдвартай, бодит мэдээлэл гаргах нь Мэргэжлийн хяналтын лаборатори гэж дүгнээд шинжлүүлэхээр болсон. Иргэд тухайн бүтээгдэхүүнийг зориулсан хэрэглээнд нь ашиглах хэрэгтэй. Яаж ч бодсон техникийн зориулалттай хуванцар савыг ус зөөхөд хэрэглэж болохгүй. Химийн хорт бодис усаар дамжин хүнсний аюулгүй байдал алдагдахад ойрхон байна шүү дээ.

-Химийн хорт бодис агуулсан савыг хилээр ч оруулж ирэхдээ техникийн зориулалтаар ашиглана гэчихээд худалдааны төвүүдэд ус зөөж болно гээд зардаг юм билээ?
-Гудамжинд худалдаалж байгаа цагаан идээний савнаас ч химийн төрлийн нийлэг бодис илэрч байгаа. Энэ бүхэн химийн хорт бодисын хэрэглээ их байгаатай холбоотой. Нөгөө талаас хэрэглэгчид сав, баглаа, боодлыг буруу зориулалтаар ашиглаж байгаа юм. Мэргэжлийн хяналтынхны зүгээс шалгалтыг тогтмол явуулж, иргэдэд энэ тухай сэрэмжлүүлэг хүргэдэг.

-Худалдаалж байгаа химийн бодисын савыг хурааж авах хууль байхгүй гэж танай мэргэжилтнүүд дүгнэх юм билээ?
-Хууль байхгүй гэж хэлэхэд хэцүү. Өнөөдөр хуванцар савыг өрхийн хэмжээнд ус зөөх хэрэгсэл болгон хамгийн их хэрэглэж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан "Зууны мэдээ"-тэй хамтран хуванцар" савны аюулыг сэрэмжлүүлж, хэрэглээг багасгах ажил эхлүүлсэн нь сайн талтай. Бид хил, гааль, эрүүл мэндийн байгууллагатай ч хамтран ажиллах ёстой. Тэгэхгүй бол мэргэжлийн хяналт ганцаараа химиин бодистой орж ирсэн савыг хязгаарлана гээд дийлэхгүй. Хуванцар саванд хийсэн шинжилгээний дүнгээс хамааран дараа, дараагийн ажлын жагсаалт гарна.

-Хүний эрүүл мэндэд хор учруулж байгаа нь шинжилгээгээр тогтоогдвол хэрэглээнээс хасах боломжтой юу?
-Хэрэглээнээс хасах, хил, гаалиар оруулж ирүүлэхгүй байхыг холбогдох байгууллагад үүрэг болгоно. Үүнд хил, гааль, эрүүл мэндийн газрууд хамтран хүчин зүтгэх учиртай.

-Арьс ширний үйлдвэрт ашигласан 25-200 хүртэлх литрийн багтаамжтай хуванцар савыг устгалд оруулдаг уу?
-Үйлдвэр, аж ахуйн байгууллагын бүртгэл, устгал хэрхэн хийж байгааг шалгана. Гэхдээ манай улсад химийн аюултай бодис болон түүнийг агуулсан сав устгах цэг байхгүй. Зөвхөн эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа зүү тариур, эм тарианы үлдэгдлийг тусгай компаниуд устгадаг. Харин химийн хаягдал бүтээгдэхүүн устгах байгууламж алга. Энэ талаар бид удаа дараа холбогдох яам, дарга нарт санал хүргүүлж ирсэн. Гэвч үр дүн нь гардаггүй.

Д.Болормаа