Sunday, December 11, 2011


Яагаад органик бүтээгдэхүүний баталгаажуулалт чухал ач холбогдолтой вэ?


Эрүүл амьдралын хэв маяг руу шилжих чухал алхам бол органик бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Дэлхийн дахинаа  органик бүтээгдэхүүний нэр хүнд өсөхийн зэрэгцээ эрэлт нь нийлүүлэлтээс давсан тоон үзүүлэлттэй байна. 

Органик бүтээгдэхүүн  хүний биеэс хорын хэмжээг багасгах замаар хорт бодисыг зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. Таны худалдан авч байгаа бүтээгдэхүүн нь жинхэнэ органик уу эсвэл ашиг олох зорилгоор  органик бүтээгдэхүүн гэсэн шошго ашигласан байна уу гэдгийг мэдэх нь чухал. 
Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт нь химийн хольцгүй, органик бүтээгдэхүүн хэрэглэж байгааг хэрэглэгч нарт нотлох, үйлдвэрлэгч нарын зүгээс бүтээгдэхүүн нь  органик бүрэлдэхүүн /найрлага/-тэй Органик эсвэл Баталгаажсан Органик гэдэг шошгонд нийцсэнийг батлахад чухал ач холбогдолтой байдаг юм.  
    
Иймээс органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын ач холбогдлыг хэрэглэгчийн зүгээс  дутуу үнэлж болохгүй. Яагаад вэ? гэвэл үйлдвэрлэгчийн хувьд  органик гэсэн баталгаажуулалтыг хуулиар тогтоосон маш нарийн шаардлагыг биелүүлэн нөр их хөдөлмөр, чармайлтын үр дүнд Баталгаажсан Органик гэсэн нэр хүндийг олж авдаг тул Органик гэсэн лого үл ойшоож болохгүй.

Дэлхийн нийтэд мөрдөж байгаа шинэ хуулиар хэдийгээр нүүрс ус агуулаагүй боловч ургалтын амьдралын мөчлөгийн үе шатуудыг  органик гэсэн баталгаажуулалтад хамруулаагүй бол Органик гэсэн лого хэрэглэхийг хязгаарлаж байна.  

Гадаад орнуудын баталгаажуулалтын байгууллагуудын нэгэн адил Органик хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг стандартаар дэмжих бодлогыг Монгол улсын Стандартчиллын байгууллага баримтлан ажиллаж байна. 

Органик хөдөө аж ахуй гэдэг нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхдээ химийн бодисын хэрэглээг байгалийн гаралтай органик нэгдлүүдээр орлуулах хөрс боловсруулалт, хортон шавьж, хог ургамалтай биологийн аргаар тэмцэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн үйлдвэрлэлийн аль ч үед химийн нийлэг аргаар гаргаж авсан нэгдлүүдийг ашиглахгүй байх ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа юм. 

Үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагааны мөчлөг бүрт маш нарийн дүн шинжилгээ, сорилт хийх, баримтжуулах, бүртгэл хөтлөх нь Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт явуулах үндсэн нөхцөл нь болдог . 
  
Баталгаажуулалт нь эцсийн хэрэглэгчид Баталгаажсан органик гэсэн шошготой худалдан авсан хүнс нь үнэхээр органик гэдгийг баталж байгаа бөгөөд ямар нэг төөрөгдөл, эндүүрлээс хэрэглэгчийг найдвартай хамгаалдаг. 

Органик баталгаажуулалтад үр тариалагч, нийлүүлэгч, фермер, боловсруулагч, бөөний болон жижиглэн худалдаачид, хүнсний салбарууд хамрагдаж болно.  

Улс орон бүр органик бүтээгдэхүүний баталгаажуулалтыг үндэсний стандартын дагуу явуулдаг байна. 
 
Дэлхийн дахинд нэр хүнд бүхий Органик Баталгаажуулалтын байгууллагуудын лого:

•Австралид, (ACO) Австралийн Баталгаажсан Органик байгууллага нь илүү хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бөгөөд нийт органик үйлдвэрлэлийн 55 хувийг баталгаажуулж байна.



•АНУ, (USDA) Америкийн Нэгдсэн Улсын Хөдөө Аж Ахуйн Департмент баталгаажуулалтын стандартыг тогтоодог. Баталгаажсан Органик хүнс худалдан авахын өмнө “USDA Organic” гэдэг тэмдгэнд анхаарлаа хандуулах нь чухал байдаг. Зөвхөн 95-100 хувийн органик хүнсэнд “USDA Organic” гэсэн тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ.  
•100% Oрганик. 100% органик орц, найрлагатай бүтээгдэхүүн эсвэл бүхэлдээ органик хүнс 
•Органик 95% хүртэл органик орц, найрлагатай хүнс,
•70% хүртэл органик орц найрлагатай бүтээгдэхүүнд “USDA Organic” гэсэн тэмдгийг хэрэглэхгүй бөгөөд онцгой органик орц, найрлагыг сав боодлын нүүрэн талд жагсааж болно.  
•70% -аас доош органик орц найрлагатай бүтээгдэхүүнд “USDA Organic” гэсэн тэмдгийг хэрэглэхгүй бөгөөд онцгой органик орц, найрлагыг сав боодлын дээд талд жагсааж болно. 

-Япон улсад JAS    

-Франц улс, (AB) 

•Европт, Европын Холбоо өөрийн баталгаажуулалтын байгуулагатай бөгөөд 2010 оноос эхлэн Органик бүтээгдэхүүний шинэ лого хэрэглэж байна.
 
2010 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн Европын Холбооноос баталсан органик бүтээгдэхүүний шошгын шинэ журманд органик бүтээгдэхүүний “Евро-навч” шинэ логог  бүтээгдэхүүний шошгын хамт заавал байрлуулахаар заасан байна. Европын Холбооны гишүүн аль ч улсад үйлдвэрлэсэн ба холбогдох шаардлагад нийцсэн савласан хүнсний бүтээгдэхүүнд лого  хэрэглэнэ. “Евро-навч” логотой хамт үндэсний болон хувийн эсвэл бүсийн бусад төрлийн логог хэрэглэж болно.  Савлаагүй болон Европын Холбооны гишүүн бус орноос импортолсон бүтээгдэхүүнд “Евро-навч” лого хэрэглэх нь сайн дурын шинжтэй байна. 
    
Шинэ журмаар мөн түүнчлэн бүтээгдэхүүний орц найрлагыг үйлдвэрлэсэн фермерийн байршил болон баталгаажуулалтын байгууллагын кодыг бүтээгдэхүүний шошгонд тусгахаар заалт оруулсан. 

Стандарчилал, Хэмжил зүйн газар