Wednesday, July 18, 2012


Хүн төрөлхтний түүхэнд эрдэмтдийн алдаа эндэгдлээс улбаатайгаар болон эсвэл бүр огт санамсаргүй байдлаар хэдэн зуун дамжин яригдах шилдэг - шинэ нээлт, шинэ бүтээлүүд төрсөн тохиолдол цөөнгүй байдаг. Энэ өдөр МЭӨ суут сэтгэгчид болох Архимед, Ньютон нарын санамсаргүй нээсэн хосгүй нээлтүүдээс арай хожуу үед хамаарагдах санамсаргүйгээр мэндэлсэн сонирхолтой түүх бүхий нээлтүүдээс түүвэрлэн хүргэхээр бэлтгэлээ.




1. Богино долгионы зуух
Америкийн инженер Перси ЛеБарон Спенсэр (1894 - 1970) дэлхийн II дайны дараагаар богино буюу бичил долгионы зуух боло печийг 1945 онд санамсаргүй нээсэн гэдэг. Дайны үеэр хөгжүүлж эхэлсэн долгионы технологиос үүдэлтэй “Radarange” печийг анх 1947 онд худалдаанд гаргаж байсан ба хэтэрхий том бас ахуйн хэрэглээнд хэт өндөр үнэтэй гэсэн шүүмжлэлд өртөж байжээ.


2. Тефлон буюу тос шаардлагагүй хайруулын таваг
Америкийн химич Рой Жэй. Планкит (1910 - 1994) PTFE хэмээн товчилдог, нийтэд “Тефлон” нэрээрээ хүрсэн тос шаардлагагүй хайруулын тавагны гол түүхий эдийг зохион бүтээжээ. Тэрээр 1938 онд шинэ төрлийн хийн найрлага бий болгохоор туршилт хийж байжээ. Хөргөлтийн тасалгаанд орж ирсэн Рой туршилтын үр дүнд үүсэх - хийгээр дүүрэх ёстой савыг шалгахад хий биш цагаан өнгийн нимгэн ялтасууд байхыг олж харжээ. Туршилтын үр дүн эрдэмтнийг санаагаар унахад хүргэсэн боловч ялтасууд түүний сонирхлыг татаж химийн шинж чанарыг нь судалж үзэхэд гайхмаар тослог шинж чанартай бөгөөд хайлах температур өндөртэй бодис болохыг илрүүлжээ. Уг бодисыг анх цэргийн зориулалттай машин механизмын эд ангиудад ашиглаж байсан бол өнөөдөр тос хэрэглээгүй ч хоол хүнсийг түлэгдэлт үүсгэлгүйгээр боловсруулах боломжтой хайруулын таваг үйлдвэрлэхэд ашигладаг байна.

3. Рентген туяа
Германы физикч Вилгельм Конрад Роентген (1845 - 1923) орчин үеийн анагаах ухааны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж 1901 онд суутнуудын урамшил Нобелийн нэрэмжит шагналыг хүртэж байжээ.1895 онд тэрээр шилэн хоолойноос ялгарах катодын цацрагийг хараар будсан хатуу цаасан дэлгэц дээр тусган ерийн нэгэн туршилт хийж байжээ. Туршилтынхаа явцад цаасан дэлгэцийн өмнө төрөл бүрийн материалыг байрлуулан цацрагийн нэвтрэлтийг ажиглаж байхдаа гарынхаа ясны дүрслэлийг ханан дээр тусч байхыг анзаарчээ. Ингээд тухайн цацраг хатуу биетийг төвөггүй нэвтрэн гарч байгааг ойлгосноор өнөө үеийн эмнэлгийн практикт өргөнөөр хэрэглэгдэх болсон рентген туяаг нээжээ.

4. Наалддаг тууз буюу зангуу
Урлахуйн ухаанд ихээхэн хэрэгтэй ахуйн наалддаг туузыг Швейцарийн цахилгааны инженер Жорж де Мэстрал зохион бүтээсэн бөгөөд 1941 онд Альпийн нуруугаар нохойтойгоо хийсэн аялалынхаа дараа энэхүү санаагаа олсон гэдэг. Нохойгоо дагуулан анд явах үедээ түүний хувцас, оймс болон нохойных нь үсэнд өвсний ширхэгтүүд наалдаж шигдсэн байхыг анзаарчээ. Тэрээр гэртээ эргэж ирээд өвсийг микроскопоор ажиглахад даавуу болон үс ноосонд жижиг дэгээ хэлбэрийн үзүүрээр гогцоолдон наалдсан байгааг хараад түүнийг дууриасан бүтэцтэй материал гарган авахаар шийдсэн байна. Ингээд жилийн турш төрөл бүрийн материалуудаар туршиж үзсэн боловч амжилтад хүрээгүй бөгөөд тухайн үед шинээр гарсан байсан нейлоныг туршсанаар өвсний дэгээтэй адил барьцалдах чадвар бүхий туузыг бий болгож чадсан байна. Хачирхалтай нь тухайн бүтээгдэхүүнийг НАСА-гийн зохион бүтээгчид сансрын нисгэгчийн хувцсанд ашиглах хүртэл 20 жилийн хугацаанд хэний ч сонирхлыг татаж, нийтэд түгээгүй байсан гэнэ.

5. Худалдан авагчийн тэрэг
Хүссэн бараагаа худалдан авах сонголтод гайхалтай шийдлийг хачирласан худалдан авагчийн тэргийг Америкийн “Пигги Виггли” супермаркетийн эзэн, бизнесмэн Сильван Натан Гөүлдмэн (1898 - 1984) анх 1937 онд зохион бүтээжээ. 1936 оны нэг шөнө ажлынхаа өрөөнд элдвийг тунгаан суусан тэрээр үйлчлүүлэгчдийнхээ овор ихтэй барааг хэрхэн зөөвөрлөдөг тухай бодолд автан байснаа эвхэгддэг модон сандал дээр худалдан авагчийн сагсыг тавьж сандлынхаа хөлөнд дугуй бэхэлснээр үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай сонголт хийх, түүнийгээ зөөвөрлөхөд хачин нэмэртэй худалдан авагчийн тэрэгний санааг олсон гэдэг. Ингээд механикч Фред Ян болон Артур Көүстед нарын тусламжтайгаар хөгжингүй болгосон нээлтээ 1940 онд бүртгүүлжээ.

6. Наалддаг тэмдэглэлийн цаас
Америкийн “3М” компанийн химич болох Спенсэр Фергусон Силвер ба Артур Фрай нар 1970 онд бичиг соёлын хэрэглээний чухал хэрэгслүүдийн нэг болох наалддаг тэмдэглэлийн цаасыг зохион бүтээжээ. Силвер скочны цавуулаг чанарыг сайжруулахаар ажиллаж байсан бөгөөд харамсалтай нь цавуулгийн тал дээр нягтрал ихтэй бас нааж буй тухайн гадаргуунд огт шингэдэггүй скоч хийхэд ямар ч хэрэггүй цавууг 1968 онд гаргаж авч байжээ. Харин Артурын хувьд тэрээр нэг удаа сүмийн найрал дуунд очих үеэрээ нэгэн сонирхолтой санаа олсон нь найрал дууны түүвэр дунд хавчуулсан хавчуурга нь байнга унаад байсан тул Силверийн гаргаж авсан цавуугаар нааж орхисон явдал бөгөөд хожмоо үүнээс үүдэн номынх нь хуудсыг гэмтээхгүй сайн хууларч бас наалдуулж байсан цавууг ашиглан “Post - It Note” хэмээх наалддаг тэмдэглэлийн цаасыг гаргасан түүхтэй ажээ.

7. Супер цавуу
Хагарсан цуурсан зүйл зүйлийн эдлэлийг харин ч сайтар наадаг супер цавууг нээсэн гэдгээрээ алдартай Харри Уэсли Күүвер (1917 - 2011) энэ санааг анх 1942 онд судалгаа хийж байсан наалдамхай бодисынхоо тусламжтайгаар олжээ. Тэрээр наалдамхай чанарыг нь хэт ихэсгэсний улмаас “цианоакрилат” хэмээх бодисыг санамсаргүй гарган авсан нь өнөөгийн супер наалдан пад байлаа. Хүрсэн болгондоо наалдаж докторын уур цухлыг нь хүргэж байсан тус бодисоор амилсан супер цавууныхаа эрхийг 1958 онд авсан ба анх нээснээсээ хойш 16 гаран жилийн дараа тохиосон ажээ.

8. Зайрмагны торх
Мөхөөлдөсний аяга ч гэж нэрлэдэг өрмөнцрөөр хийсэн торхны тухай 1825 онд Францын хоолны номд бичсэн байдаг бөгөөд XX зууны эхээр АНУ даяар дэлгэрч эхэлсэн өрмөнцөрт мөхөөлдөсний тухай түүх, ам дамжсан яриа цөөнгүй ажээ. Тухайлбал, 1904 онд Сэйнт Луиз хотноо зохиогдсон дэлхийн худалдааны үзэсгэлэнд Эрнест Хамви хэмээх Сирийн худалдаачин гамбир зарж байжээ. Дэргэдэх мөхөөлдөсний лангуу нь аягагүй болсон тул арга буюу Эрнест гамбираа аяга хэлбэртэй болгон өгчээ. Гамбиранд ороосон мөхөөлдөс худалдан авсан үйлчлүүлэгчид ам сайтай байсан ба үүнээс улбаалан зайрмагны торх үүссэн гэж үздэг байна. Харин en.wikipedia.org сайтад бичсэнээр 1904 оны дэлхийн худалдааны үзэсгэлэнд мөхөөлдөс зарж байсан Жорж Бэн-ий мөхөөлдөсний аяга нь дуусч тэрээр өрмөнцөрт ороон худалдаагаа үргэлжлүүлснээр өнөөгний зайрмагны торх үүсчээ. Тухайн үед анхлан өрмөнцрөөр хийж байсан торхнуудыг гар аргаар халуун бас нимгэнээс нь сонгон хэвэнд оруулдаг байсан байна. Ямартаа ч олны таашаан иддэг амтат мөхөөлдөсний торх нь ийнхүү санамсаргүйгээр мэндэлж хүн төрөлхтний түүхэн дэх санамсаргүй нээлтүүдийн жагсаалтад зүй ёсоор бичигддэг юм.

9. Кока Кола
Санамсаргүйгээр нээлт болж дэлхийн түүхэнд мөнхөрсөн хүнсний технологийн салбарын цөөнгүй нээлтүүд байдгаас кока кола шиг шагшим амжилтыг дагуулсан нь ховор юм. Америкийн эм зүйч Жон Стит Пембертон (1831 - 1888) сэргээх үйлчилгээтэй эм найруулахаар зорьж Өмнөд Америкт ургадаг КОКА ургамлын ханд, Африкийн КОЛА самрыг хольж найруулсаар бэлдмэл хийжээ. Пембертон бэлдмэлээ амталж үзээд тун боломжийн амттайг нь мэдэрч ядаргаа, стресст орсон хүмүүс болон шүдний өвчинд сайн гэж үзжээ. Доктор энэхүү бэлдмэлээ Атланта хотын хамгийн том эмийн санд хүргэж өгчээ. Тус бэлдмэлийн нэг стаканыг таван центийн үнээр эмийн журмаар зарж эхлэв. Нэгэн удаа худалдагч бэлдмэлээ найруулж байхдаа андуурч ердийн усны оронд хийжүүлсэн ус хийж орхисон нь одоогийн Кока -Кола ундаа байлаа. Эхэндээ төдий л амжилт дагуулаагүй энэ ундааг өдгөө дэлхийн 200 гаруй орны сая сая хэрэглэгчид таашаан хэрэглэдэг билээ.

10. Виагра
Дэлхийд тэргүүлэх Америкийн эмнэл зүйн “Pfizer” компанид химичээр ажилладаг Саймон Фрейзер Кэмпбелл болон Дэвид Робертс нар цусны даралт ихсэх болон зүрхний өвчнийг анагаах шидтэй нэгэн шинэ эмний найрлага дээр ажиллаж байхдаа санамсаргүй нээсэн нээлт нь өдгөө хүн төрөлхтний нөхөн үржихүйн амьдралд нөлөө бүхий цуутай бүтээл болно гэдгийг санаагүй явжээ.
1980-аад оноос эхэлж тус эмээ туршилтын байдлаар өвчтөнүүд дээр хэрэглэж эхэлсэн байна. Харамсалтай нь тухайлсан эмгэг дээр ямар ч нөлөөгүй эсрэгээрээ иракц өгч эхэлсэн тул аливаа мэдрэлийн үйл ажиллагааны сааталд хэрэглэх сэргээх бэлдмэл болгон шинээр гаргаснаар 1998 онд патентаа авчээ. Виагра нь аливаа харилцаанд шинэ амт таашаалыг бэлэглэдэг байх магадлалтай юм.
Дээрхээс гадна залхуу пүрш, баримлын шавар, пенициллин, сахарин, жимстэй мөхөөлдөс, чипс, оргилуун дарс, хуванцар зэрэг цөөнгүй санамсаргүй нээлтүүдийг дурьдаж болох юм.

www.playskull.mn