Sunday, December 9, 2012

 Хавх /Сургамжит өгүүллэг/
Хананы завсраар өлссөн хулгана фермийн эзэн, эхнэртэйгээ нэгэн хайрцагтай зүйл онгойлгож байхыг харлаа. Ямар амттай хоол байгаа бол гэж хулгана ихэд баярлав. Гэвч тэр нь хулганы хавх байхыг хараад маш их цочирдов. Айсан хулгана фермийн хашаа руу эргэн орж “Байшинд хулганы хавх байна” хэмээн хашгирч эхэллээ. Гэтэл тахиа түүн рүү дооглонгуй харснаа, толгойгоо өргөн, “Хулгана минь, энэ бол чамд л хамааралтай зүйл, надад огт хамаагүй. Тиймээс үүнээс болж би сэтгэл санаагаа зовоомооргүй байна” хэмээн хэллээ. Хулгана, гахай руу дөхөж очоод “Байшинд хулганы хавх байна” хэмээн хэллээ. Гахай хэдий түүнийг хайрлан өрөвдөж байсан ч “Намайг үнэхээр уучлаарай хулгана минь, надад чиний төлөө залбирахаас өөр хийж чадах зүйл алга даа. 

Чиний төлөө үргэлж залбирч байгаа гэдгийг минь санаарай” гэв. Дараа нь хулгана, үнээн дээр очоод “Байшинд хавх байна” хэмээн дахин давтан хэлэв. “Хулгана минь, надад үнэхээр харамсалтай байна. Гэвч энэ бол миний асуудал биш шүү дээ” гэж үнээ тоосон шинжгүй хариуллаа.

Ийнхүү сэтгэлээр унасан хулгана хавханд орохоос аргагүй болж дээ хэмээн бодоод байшин руу буцан орлоо. Шөнө болж, бүгд нойрсож байв. Гэнэт байшинд тасхийсэн чимээ гарлаа. Хавх өөрийн ажлаа гүйцэтгэсэн байлаа. Фермерчний эхнэр юу баригдсаныг харахаар сандран гүйн ирлээ. Өрөө тас харанхуй байсан болохоор тэрээр хорт могойн сүүл нь хавханд орсон байхыг харж чадсангүй. Могой түүнийг хатгалаа. Фермерчин эхнэрээ яаран эмнэлэгт аваачсан ч эхнэр нь хумхаа өвчин туссан байлаа. Хүн бүр л хумхаа өвчинд тахианы шинэ шөл сайн байдаг гэлцэж байлаа. Тиймээс тэрээр шөлний гол орцыг төхөөрөхөөр ферм рүүгээ явав. Гэвч түүний эхнэрийн өвчин илааршиж өгөлгүй удаж, найз нөхөд хөршүүд нь цаг үргэлж зочилж ирэх болов. Тийнхүү тэднийг дайлахын тулд тэрээр гахайгаа бас нядлав. Түүний эхнэр ер эдгэж өгөхгүй байсаар өвчнөөсөө болоод нас барлаа.

Маш олон хүмүүс эхнэрийнх нь оршуулганд ирж фермер үхрээ нядлахаас аргагүйд хүрэв. Энэ бүх зүйлсийг хулгана маш Их уй гашууд автан хананы завсраараа харж суулаа. Тэгэхээр та дараагийн удаад хэн нэгэнд зовлон тохиолдсоныг олж сонсвол “надад хамаагүй” гэж бодохынхоо оронд “бидний хэн нэг нь аюулд орсон бол бид бүгд аюулд орох эрсдэлтэй” гэж санаж байгаарай.