Monday, May 23, 2011

”Эверестийг эзэгнэсэн” монгол бүсгүй



Нэг сарын өмнө Эверест хэмээх уулын оргилд гарах зорилго өвөртлөн эх орноосоо үдүүлж байсан Монголын уулчин бүсгүй зорьсондоо хүрчээ. Түүний эл ам­жилт цаашид Эверестийн оргилд гарсан анхны монгол эмэгтэй гэдэг нэрээр түүхэнд мөнхрөнө нь. Тэр бол уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа юм.  Дэлхийн зулай болсон Эверест  ноён оргил өөд хоёр дахь удаагаа авирахдаа тэрбээр “Seven Summit” клубынхантай дөрөө нийлэн өөрийн зорилгоо биелүүлсэн   байна.  


Анх 2007 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаярын хамт  Эверестийг зорьсноосоо хойш өнөөдрийг  хүртэл судалгаа, шин­жилгээ хийж нөр их хөдөлмөр зарцуулсныхаа хүчинд тэрбээр дэлхийн зулайд эх орныхоо далбааг мандуулаад, түүхэнд нэрээ үлдээж чадсан нь монголчуудын бахархал юм. Тэрбээр “Уулны оргил дээр гарсан хойно үүлс нүүгээд сайхан харагддаг. Гэхдээ зөвхөн үүнийг харахын төлөө уулчин болоогүй. Уулчин болохын тулд дор хаяж 10 жил шаардагддаг. Харин сайн уулчин болоход маш их тэвчээр, үүнээс ч илүү хугацаа хэрэгтэй” хэмээж байсан нь саяхан. Гэтэл 3000 уулчин л зориглож хүрсэн байдаг дэлхийн ноён оргилд гарснаараа өөрийгөө уулчин гэдгийг    баталснаас гадна “Эверестийг эзэгнэсэн” монгол бүсгүй хэмээн бардам цоллуулах эрхтэй боллоо. Үе, үеийн бүсгүйчүүдийн мөрөөдлийг биелүүлсэн Б.Гангаамаад булган сүүлтэй байхын ерөөл өргөе